Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ний 07:00-20:00 цагийн хооронд улс даяар үргэлжилнэ.
Өнгөрсөн зургаадугаар сард Монгол Улсын иргэд өөрийгөө төлөөлөн хууль санаачлах, боловсруулах, батлах 126 гишүүнийг хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ-д сонгосон.
Нийслэлчүүдийн хувьд ИТХ-ын 45 төлөөлөгчийг сонгоно. Хуулийн дагуу хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно. Хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулах хуультай. Улаанбаатар хотын дарга хэн болох нь олны анхаарлыг татдаг. Тэгвэл өнөөдөр сонгогдох НИТХ-ын гишүүдээс олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхий сайдад уламжилснаар томилох юм.
Энэ удаагийн сонгуульд аймаг, нийслэлд 1,992, сум, дүүргийн түвшинд 15,286 хүн нэрээ дэвшүүлээд буй. Нийт 17,278 нэр дэвшигчийн 33.2% нь эмэгтэйчүүд.
2020 оны сонгуулиар НИТХ-ын 45 төлөөлөгчийн 34 нь Монгол Ардын Намаас, найм нь Ардчилсан Намаас, гурав нь Хөдөлмөрийн Үндэсний Намаас сонгогдсон бол найман эмэгтэй төлөөлөгчтэй болж байв.
Уншигч та "ИТХ 2024" хуудаснаас Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн мэдээллийг хамгийн цэгцтэй, ойлгомжтой байдлаар үзнэ үү. Уг хуудаснаас нэр дэвшигчийг нэр, тойрог, нам эвсэл зэрэг сонголтоор хайх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!