Уншиж байна ...

Өмнөд Солонгосын зохиолч эмэгтэй 2024 оны утга зохиолын Нобелийн шагналыг хүртэхээр болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой энэ оны утга зохиолын Нобелийн шагналтны нэрийг зарлалаа.

Өмнөд Солонгосын зохиолч эмэгтэй Хан Кан энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэхээр болжээ.

Шагналын хорооны дарга Андерс Олссон түүнийг “ихэвчлэн эмэгтэй хүмүүсийн амьдралын шарх, эмзэг байдлыг өрөвдөн хайрлах сэтгэлээр зохиолоо бичдэг” хэмээн магтсан байна.

“Тэр бас бие ба сүнс, амьд ба үхэгсдийн хоорондын хэлхээ холбоог өвөрмөц байдлаар мэдэрч, бичлэгийн шинэлэг хэв маягаараа орчин үеийн утга зохиолд шинийг санаачлагч болсон юм” гэж Олссон тодорхойлжээ.

Нобелийн утга зохиолын шагналын хорооны гишүүн Анна-Карин Палм “эмзэг зөөлөн, харгис хэрцгий, заримдаа бага зэрэг сюрреалист хэлбэрээр зохиолоо бичдэг” гэж түүнийг дүгнэсэн байна.

53 настай Хан утга зохиолын Нобелийн шагналыг хүртсэн анхны Ази эмэгтэй, Өмнөд Солонгосын анхны зохиолч болж байна.

Бас Өмнөд Солонгосын хоёр дахь Нобелийн шагналтан болж байгаа юм.

Ханаас өмнө тус улсын ерөнхийлөгч агсан Ким Дэ Жүн 2000 онд энх тайвны Нобелийн шагнал хүртэж байжээ.

2016 онд Хан эмэгтэй хүн мах идэхээ больсноор ямар аймшигтай үр дагаварт хүрч буйг харуулсан “The Vegetarian” зохиолоороо олон улсын Бүүкерийн шагналыг хүртэж байв.

зураг
 

“Би энэ зохиолоороо хүн байхын утга учир болон хүн төрөлтний нэг хэсэг байхыг хүсэхгүй байгаа эмэгтэйг дүрслэхийг хүссэн юм” гэж Хан тухайн үед хэлж байжээ.

Түүний бас нэг зохиол “Human Act” 2018 оны олон улсын Бүүкерийн шагналын сүүлчийн шатанд шалгарч байв.

Хан уран бүтээлийн замналаа 1993 онд яруу найрагчаас эхэлж байжээ.

Дараа жил нь түүний анхны богино өгүүллэгийн түүвэр хэвлэгдэж, 1998 онд анхны роман “Black Deer” (Хар Буга) нь хэвлэгдэж байв.

Ханы зохиолуудаас “The Vegetarian”, “Greek Lessons”, “Human Act”, “The White Book” номууд англи хэлээр орчуулагдаж байжээ.

Түүний бичсэн сүүлийн ном “We Do Not Part” ирэх онд англи хэлээр хэвлэгдэх төлөвтэй байна.

Утга зохиолын Нобелийн шагналыг ихэвчлэн Европ, Умард Америкийн хүнд сэдвээр бичдэг эрэгтэй зохиолч нар авдаг гэсэн шүүмж олон жил яригдаж байгаа.

Энэ шагналыг өмнө нь 119 хүн хүртсэний ердөө 17 нь эмэгтэй байжээ.

Эмэгтэйчүүдээс хамгийн сүүлд 2022 онд Францын зохиолч Анни Эрно уг шагналыг хүртэж байсан юм.

Энэ оны Нобелийн шагналтнууд хими, физик, анагаах ухаан, утга зохиолын салбаруудаас тодроод байна.

Өнөөдөр орой энх тайвны шагналтан, Даваа гарагт эдийн засгийн шагналтан тодорсноор уг үйл ажиллагаа өндөрлөх юм.

Арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Шведийн нийслэл Стокхольм хотод шагнал гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдана.

Зохион бүтээгч Алфред Нобелийн дүртэй медаль болон түүний гэрээсэлж үлдээсэн хөрөнгөөс 11 сая швед кроныг ($1.1 сая) салбар тус бүрийн шагналтнууд хүртэх юм.

 

Эх сурвалж: Associated Press