Уншиж байна ...

2020 онд Трамп коронавирусийн оношилгооны машиныг Путинд нууцаар илгээсэн тухай шинэ номд өгүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Америкийн нэрт сэтгүүлч Боб Вүүдвардын “War” нэртэй ном ирэх долоо хоногт худалдаанд гарах гэж байгаа.

Энэ номд АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын ойр дотно харилцааны талаар ноцтой баримт дэлгэгджээ.

Вашингтон Пост сонин энэ номд өгүүлсэн зарим баримтыг түрүүлэн олж авснаа өчигдөр нийтэлсэн байна.

Вүүдвард одоо тус сонины орлогч эрхлэгчээр ажилладаг юм.

2020 онд коронавирусийн халдвар ид тарж байх үед Трамп тухайн үед ховор, хүрэлцээ муутай байсан оношилгооны машиныг Путинд нууцаар илгээж байжээ.

Путин уг машиныг хүлээж авсан ч энэ талаар нийтэд дэлгэлгүй, нууцлахыг Трампаас хүсэж байсан гэнэ.

“Хүмүүс надад биш танд уурлах учраас энэ талаар хэнд ч хэлэхгүй байхыг хүсэж байна” гэж Путин тухайн үед зөвлөж байжээ.

Үүнээс гадна Трамп ерөнхийлөгчийн албан тушаалаас буусныхаа дараа Путинтэй нийтдээ долоон удаа утсаар харилцаж байсан гэх баримтыг тухайн үед туслахаар нь ажиллаж байсан хүнээс олж мэдсэнээ Вүүдвард бичсэн байна.

Тухайлбал 2024 оны эхээр тэр Путинтэй утсаар ганцаарчлан ярихын тулд Флоридагийн Мар-А-Лаго дахь эдлэнгийнхээ албан тасалгаанаас туслахаа гаргаж байжээ.

Вүүдвардын номд зөвхөн Трампын тухай биш, Цагаан ордны одоогийн эзэн Жо Байдены өөрийн алдаануудыг хүлээн зөвшөөрсөн тухай баримтуудыг бичсэн байна.

Тухайлбал Ойрх Дорнодын мөргөлдөөнийг хурцатгахаас сэргийлж чадаагүй, тэр дундаа Израил-Хамасын гал зогсоох яриа хэлэлцээний асуудлаар ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай зөрчилдөж байсан талаар баримтуудыг дурджээ.

Вүүдвардын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн бүтээл аравдугаар сарын 15-ны өдөр буюу АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас гурван долоо хоногийн өмнө худалдаанд гарах юм.

Трамптай өрсөлдөж буй Ардчилсан Намын нэр дэвшигч Камала Харрисын тухай уг номд бас өгүүлсэн байна.

Тухайлбал түүнийг одоогийн ерөнхийлөгч Жо Байдены бодлогыг үргэлжлүүлэн дэмжиж, “гадаад бодлогыг өөрөө мэдэж шийдэхгүй байгаа” тухай баримтыг дурджээ.

Вүүдвард энэ номдоо сүүлийн 50 жилийн хугацаанд ажилласан АНУ-ын ерөнхийлөгч нарын талаар баримтуудыг он цагийн дарааллаар бичсэн юм.

Тэрбээр анх ерөнхийлөгч Ричард Никсоны засаглалын үед Цагаан ордны сэтгүүлчээр ажиллаж эхэлжээ.

Никсоныг албан тушаалаасаа огцроход хүргэсэн алдарт Watergate-ийн дуулианыг Вүүдвард хамтрагч Карл Бернстэйний хамт илчилж байсан юм.

Гэхдээ тэр АНУ-ын холбоотны эсрэг эзлэн түрэмгийлэх дайн явуулж буй дарангуйлагчтай ойр дотно харилцаатай Трампыг Никсоноос илүү ерөнхийлөгчийн суудалд тохирохгүй хүн гэж дүгнэжээ.

“Трамп бол Америкийн түүхэнд хамгийн бодлогогүй, хамгийн хариуцлагагүй ерөнхийлөгч байсан бол 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө ч энэ зан чанараа хадгалсан хэвээр байна” гэж Вүүдвард дүгнэсэн байна.

Трампын сонгуулийн штаб Вүүдвардын бүтээлийг “зохиомол түүхээр дүүрэн ном” хэмээн шүүмжилжээ.

 

Эх сурвалж: AFP