Уншиж байна ...

Израилийн арми Хезболлагийн удирдагчийн залгамжлагч, залгамжлагчийн залгамжлагчийг устгасныг Нетаньяху мэдэгдлээ

Т.Давааням, ikon.mn
26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Израилийн зэвсэгт хүчин Хезболла зэвсэгт байгууллагын удирдагч агсан Хассан Насраллагийн залгамжлагчдыг устгасан тухай тус улсын ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өчигдөр мэдэгджээ. Ингэхдээ тэр тэдний нэрсийг дурдаагүй байна.

“Бид Хезболлагийн хүчийг доройтуулсан. Бид Насраллаг өөрийг нь болон түүний залгамжлагч, залгамжлагчийн залгамжлагч гээд олон мянган террористыг устгаж чадлаа” гэж өчигдөр орой цацагдсан видео мэдэгдэлдээ Нетаньяху хэлжээ.

Ираны дэмжлэгтэй Хезболла байгууллагыг 32 жил удирдсан Хассан Насралла өнгөрсөн сард Ливаны нийслэл Бейрут хот дахь нууц байранд байхдаа Израилийн агаарын цохилтод алагдсан юм.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Бейрутийн өмнөд захын дүүрэгт Израилийн арми агаараас довтлох үеэр Насраллаг залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүн гэгдэж байсан Хашем Сафеддин сураггүй алга болсон.

Сафеддинийг эрэн хайх, аврах ажиллагаанд Израилийн тал саад учруулж байгааг Хезболлагийн албаны эх сурвалж Ням гарагт мэдээлсэн юм.

Эндээс харвал Сафеддин амь үрэгдсэн нь бараг тодорхой байна.

Өчигдөр өглөө Израилийн батлан хамгаалахын сайд Йоав Галлант ярихдаа Насраллагийн залгамжлагч алагдсан байх өндөр магадлалтайг дуулгасан юм.

Харин Нетаньяху “залгамжлагчийн залгамжлагч” гэж хэнийг хэлсэн нь тодорхойгүй байна.

“Олон олон жилийн турш Хезболла өнөөдрийнх шигээ сул дорой байж үзээгүй билээ” гэж тэр мэдэгдэлдээ хэлжээ.

Газын зурваст дайн эхэлсний маргаашаас буюу өнгөрсөн оны аравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Хезболлагийн зэвсэгт хүчин Палестины Хамас байгууллагыг дэмжих зорилгоор Ливаны нутаг дэвсгэрээс Израил улс руу пуужин харваж эхэлсэн юм.

Үүний улмаас Израилийн хойд хилийн бүс нутгаас 60,000 орчим хүн орон гэрээ орхин дүрвээд байгаа.

Израилийн армийн Ливанд явуулж буй байлдааны ажиллагааны зорилго нь Хезболлагийн аюулыг арилгаж, дүрвэсэн ард иргэдээ гэрт нь буцаах юм.

“Израил улс өөрийгөө хамгаалах эрхтэй. Израил бас ялах эрхтэй. Израил ялах болно” гэж Нетаньяху мэдэгджээ.

Өчигдрийн түүний видео мэдэгдэл хөрш Ливаны ард иргэдэд хандсан утгатай байв.

“Энэ бол улс орноо энх тайван, хөгжлийн замд оруулах ховор боломж юм. Хэрвээ та нар энэ боломжийг алдвал Хезболла дайнаа үргэлжлүүлж, та бүхнийг золиосолсоор байх болно. Тэд Ливаныг дайндаа татан оруулахад бэлэн байна. Загалмайтнууд, Друидууд, Сунни ба Шийтийн муслимууд та бүгд Израилийн эсрэг Хезболлагийн явуулж буй үр дүнгүй дайны улмаас зовж байна. Террористуудад өөрсдийнхөө ирээдүйг сүйтгэхийг, одоо учруулснаас илүү их хохирол учруулахыг бүү зөвшөөр. Газын зурваст тохиолдсон шиг сүйрэл, зовлонд хүргэх дайны ангалд Ливаныг унахаас аврах боломж та нарт байна. Ийм зүйл тохиолдохгүй ч байж болно” гэж тэр мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters