Уншиж байна ...

16 настай Америк хүү Тетрис компьютер тоглоомыг дуусгаж чадсан анхны хүн болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

16 настай Америк хүү сонгодог видео тоглоом Тетрисийн бүх үеийг амжилттай дуусгаж, дахин тэгээс эхлэх хүртэл тоглосон анхны хүн болжээ.

Майкл Артиага уг тоглоомын Нинтендо хувилбарыг Ням гарагт тоглохдоо Twitch платформоор нийтэд шууд дамжуулсан юм.

Тэрбээр нийт 82 минут тоглож, 255 үеийг дуусгасны дараа тоглоомын оноо дахин тэгээс эхэлж байжээ.

Ингэхдээ Артиага нийт 29.4 сая оноо авсан байна.

“Би зүүдлээд байна уу? Энэ тоглоомыг дуусгаж чадсандаа би маш их баяртай байна. Би одоо энэ тоглоомоор дахин хэзээ ч тоглохыг хүсэхгүй байх” гэж тэр шууд дамжуулалтын үеэр ярьжээ.

Артиага өмнө нь Тетрисийн өөр хувилбараар тоглож байсан ч 155 дахь үедээ хүрсний дараа программд алдаа гарч, гацаж байсан гэнэ.

Тиймээс энэ удаа тэр дахин ийм асуудалтай тулгарахгүйн тулд Nintendo Entertainment Systems компанийн консолд зориулсан хувилбараар тогложээ.

Бусад тоглогчдын дээд амжилт тогтоох зорилгод бас л программын алдаа, гацалт саад болдог байсан юм.

Энэ оны эхээр АНУ-ын Оклахома мужийн өсвөр насны хүү Уиллис Гибсон 38 минут тоглож, 157 дугаар үед хүрээд гацсан нь өмнөх хамгийн дээд амжилт байжээ.

1984 онд Зөвлөлтийн инженер Алексей Пажитновын зохион бүтээсэн Тетрис сүүлд олон зуун хувилбартай болж дэлхий нийтэд тархсан юм.

Артиага 2020 онд 13 настайдаа Сонгодог Тетрисийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд төрсөн ахыгаа хожиж, түүхэнд хамгийн залуу аварга болж байжээ.

Тэрбээр энэ удаагийн тоглолтоо “Rebirth” (Дахин төрөлт) гэж нэрлэсэн байна.

“Анх удаа Rebirth түвшинд хүрсэндээ одоо болтол итгэж чадахгүй нь. Энэ олон оролдлогын дараа дуусгаж чадсандаа би маш их баяртай байна. Намайг өнгөрсөн хугацаанд дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа. Эцэст нь дуусгаж чадлаа!” гэж Артиага шууд дамжуулалтынхаа төгсгөлд ярьжээ.

 

Эх сурвалж: BBC