Уншиж байна ...

"Ховд аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд иргэн нас барсан асуудлыг нарийн шалгана"

П.Сайнжаргал, IKON.MN
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулав. 

Энэ үеэр орон нутгийн сонгуультай холбоотой зөрчил болон зарим гэмт хэргийн талаарх сэтгүүлчийн асуултад Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах хариултыг хэллээ. 



Сэтгүүлч: Сонгинохайрхан дүүрэгт нэгнээ хутгалсан гэх асуудал гарсан байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү? 

Цагдаа: Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст сонгуулийн санал авах байранд хүмүүс архидан согтуураад байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. 

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Сэтгүүлч: Ардчилсан Намын дарга нэг хороонд 100-300 сая төгрөгийн мөнгө тараасан гэх асуудал яригдаж байгаа. Энэ талаар гомдол бүртгэгдсэн үү?

Цагдаа: Одоогоор Ардчилсан Намаас мөнгө тараасан асуудал бүртгэгдэн шалгагдаагүй.

Сонгууль дуусах хүртэл цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол, хүлээн авч шалгаж шийдвэрлэнэ. Тийм учраас баримт мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулах нь нээлттэй.

Сонгуулийн үеэр аль нэг намаас иргэдийн сонгуулийг татах зорилгоор бэлэн мөнгө амласан, өгсөн баримтууд байвал шалгахад бэлэн. Тухайн иргэдийн баримттай мэдээллийг урамшуулах хуулийн зохицуулалт бий. 

Сэтгүүлч: Оогий брэндийн үүсгэн байгуулагчтай холбоотойгоор хэчнээн иргэн гомдол мэдээлэл өгсөн бэ? 

Цагдаа: Иргэн н.Цандэлэг өөрийн X хаягтаа жиргэсэн байсан. Энэ асуудлаар Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст иргэн н.Цандэлэг өргөдөл өгч шалгуулж байгаа.

Сэтгүүлч: Ховд аймагт иргэн нас барсан хэрэг гарчээ. Мөрдөн шалгах ажиллагааны дүн гарсан уу?

Цагдаа: Ховд аймгийн цагдаагийн газарт 2024 оны аравдугаар сарын 6-ны өдөр 14:00-15:00 цагийн үед Ховд аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэн саатуулах байранд иргэн нас барсан асуудал гарсан.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тухайн иргэн нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад ирсэн байсан.

Хяналтын камерыг шалгаж, мөрдөн шалгах ажиллагаагаар нарийн тогтооно.