Монгол Улсад 1990-ээд оны зах зээлийн эдийн засгийн шилжилтийн өмч хувьчлалаар олон үйлдвэр татан буугдаж, олон хүн ажилгүй болж улмаар архинд донтох асуудал эрчимтэй нэмэгдэж, ажилгүйдэл, гэр бүл салалт гээд олон асуудал ар араасаа бий болсон.
Үүний нэг сөрөг үр дагавар нь архины хамааралтай, орон гэргүй иргэд нэмэгдэж эхэлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн Газраас анхаарал хандуулж НЗД-ын захирамжаар 2003 онд Нийгмийн хамгааллын тусгай төвийг байгуулан зорилтот бүлгийн эдгээр иргэдэд хүрч ажиллаж эхэлсэн.
Нийгмийн хамгааллын тусгай төв нь 2023 оныг хүртэл өөрийн гэсэн хүн тээврийн автобус, автомашингүй байсан тул ажилтнууд хувийн автомашинаараа бүхий л асуудлаа шийдэж ирсэн бөгөөд төвөөр үйлчлүүлж буй иргэдийг эмнэлэг, асрамж халамжийн байгууллагад хүргэх, явуулын ажлын байранд зуучлах, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, гадуур судалгаагаар ажиллах гээд ихээхэн сорилтууд тулгардаг байв.
Байгууллагын удирдлагын зүгээс дээрх асуудлыг шийдвэрлэх арга зам эрэлхийлж олон газар хандсан бөгөөд 2023 онд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын дарга Ц.Баттөр Тусгай төвийн хэрэгцээг судалж Нийслэлийн ЗДТГ-тай хамтран 45 хүний суудалтай автобус, 10 хүний суудалтай старикс, суудлын автомашин зэргийг иж бүрэн шийдэж өгсөн.
Ингэснээр Нийгмийн хамгааллын тусгай төвд дээр дурдагдсан хүн тээврийн автомашинтай холбоотой олон асуудлууд шийдэгдэж, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа илүү хурдан шуурхай болж, зорилтот бүлгийн иргэдэд хүрч ажиллахад ихээхэн үр дүн гарч байгааг дурдахад таатай байна.
Эх сурвалж: Нийгмийн хамгааллын тусгай төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!