Уншиж байна ...

Уул уурхайн салбарын хувьсал ба сорилт

ikon.mn
2024 оны 10 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер компаниуд худалдан авалт, ханган нийлүүлэлтийн бодлогоо дэлхийн уул уурхайн салбарын сорилт, өөрчлөлтөд нийцүүлэх шаардлагатайг онцоллоо.

Монголын уул уурхайн 7 хоног арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Монгол Улсын ДНБ-ий 25 хувь, улсын төсвийн орлогын 30 хувь, нийт экспортын 94 хувь уул уурхайн салбараас хамааралтай байна. Товчхондоо, манай эдийн засаг уул уурхайгүйгээр, энэ салбарыг түшиглэхгүйгээр хөгжлийн тухай ярих боломжгүй юм. Энэ ч утгаараа “Mining Week&MinePro” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалтад төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд өндөр ач холбогдол өгч, өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцлээ.

Шинээр бүрдсэн УИХ болоод Засгийн газар уул уурхайн салбарт баримтлах бодлогоо хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэнд танилцуулсан бол цаашид уул уурхай салбар ямар сорилтуудтай нүүр тулж байгаа талаар “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер сонирхолтой илтгэл тавьсан юм. Тэрээр дэлхий ертөнцийг бүхэлд нь хамраад буй гурван асуудал нь хэтдээ уул уурхайн салбарын ханган нийлүүлэлтийн сүлжээг өөрчлөөд зогсохгүй, ирэх он жилүүдэд уул уурхайн салбарыг шинээр тодорхойлох уулзвар дээр ирээд буйг тодотгосон юм.

зураг
 

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер дэлхийн уул уурхайн салбарт сорилт үүсгэж буй гурван асуудлыг нэрлэв.

1. Уур амьсгалын өөрчлөлт

Нэг ч салбарыг үл тойрох хөдөлшгүй үнэн бол уур амьсгалын өөрчлөлт юм. Хэдий дэлхий нийтээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар ажиллаж байгаа ч хэт их дулаарал, байгалийн гамшигт үзэгдлүүд өмнө байгаагүй түвшинд хүрлээ. Дөчин жилийн өмнө дэлхийн дахинд “тэрбум ам.долларын” хохирол дагуулсан байгалийн гамшигт  үзэгдэл 4 сар тутам тохиож байсан бол эдүгээ 3 долоо хоног тутам буюу сар хүрэхгүй хугацаанд аюулт үзэгдэл нүүрлэх болсныг эрдэмтэд анхааруулж байна.

Дэлхийн худалдааны 5 хувь дамжин өнгөрдөг Панамын сувагт зуу гаруй жил тохиогоогүй хуурай жил 2023 онд болжээ. Улмаар усны түвшин эрчимтэй буурснаас дамжин өнгөрүүлэх усан тээврийн тоо цөөрч, ачаа бараа түгээлт олон сараар хойшлоход хүрсэн. Мөн 2022 онд жилд 3 тэрбум тонн ачаа бараа дамжин өнгөрдөг Хятадын Хөх мөрний усны түвшин 60 хувь буурсан байна. Уур амьсгалын өөрчлөлт нь хийсвэр аюул занал бус нийлүүлэлтийн сүлжээг орвонгоор нь эргүүлэх нөхцөлийг бүрдүүлээд байна.

Үүнээс улбаалсан эдийн засгийн хохирол ч дэлхий нийтийг цочирдуулж байна. Судлаачид уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан нийлүүлэлтийн сүлжээний саатлаас үүдэн 2060 он гэхэд 3.75-24.7 их наяд ам.долларын хохирол үүснэ гэж тооцоолжээ. Хохирлын хэмжээ хүлэмжийн хийн ялгарлыг хэр хэмжээнд хянаж чадахаас хамаарна.  Энэ бол алс хэтийн үл хүрэх зүйл биш. Одооноос л арга хэмжээ авч, бодлого гаргаж ажиллахгүй бол бидний ирээдүй бодит эрсдэлд орох юм.

2. Геополитикийн хурцадмал байдал

Геополитикийн хурцадмал байдлаас үүдсэн олон улсын эдийн засгийн тогтворгүй байдал нь уур амьсгалын өөрчлөлтөөс дутахгүй сорилт үүсгэж байна. Сүүлийн үеийн мэдээллээр дэлхийн 92 улс мөргөлдөөнд татагдан орж, 11 сая хүн орон гэрээсээ дүрвэхэд хүрчээ. Энэхүү тогтворгүй байдал нь дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд асар их дарамт учруулж байна. Олон улсын эдийн засгийн тогтворгүй байдлын цочроог уул уурхайн салбар хэдийнээ амсаж эхэлсэн бөгөөд цаашид үргэлжлэх төлөвтэй байна.

Дэлхий ертөнц зэс болон хүн төрөлхтнийг хөгжилд хөтлөх бусад материалыг үйлдвэрлэхээр зорьж буй энэ үед геополитикоос үүдэлтэй хурцадмал байдал боловсруулах үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлж байна. Зэс болон бусад металлын эрэлтийг гүйцэх зорилго тавин ажиллахдаа бид олон улсын тогтворгүй байдлын нөлөөг даван туулах шаардлагатай давхар нүүр тулж байна.

3. Технологийн хувьсал

Технологийн хурдацтай өөрчлөлт нь бидний өдөр тутмын үйл ажиллагаанд ч нөлөөлж байна. Технологийн хувьсал шинэ боломжуудыг нээдэг ч шинэ сорилт бэрхшээл рүү хөтлөх эрсдэлийг ч мөн дагуулж байна. Мэдээж технологийн хувьсал нь уул уурхайн салбарт бүтээмжийг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангах, зардал буурахад эергээр нөлөөлж байгаа. Цаг, минутаар хувьсаж байгаа технологийн өөрчлөлтөд дасан зохицсон бодлогыг Оюу толгой баримтлахыг эрмэлзэн ажилладаг.

Өнөөдөр та, бидний хэрэглэж байгаа ухаалаг гар утсыг хийхэд Менделевийн үелэх системийн 90 элемент ордог. Ухаалаг гар утас хийгээд бусад технологийн дэвшлийг дагаад чухал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Гэвч эрэлт, хэрэгцээг нөхөхөд ханган нийлүүлэлтийн бэрхшээлүүдтэй тулгарсаар байна. Тиймээс технологийн хөгжлийг дагасан олон элементийн хэрэглээг бууруулах шийдэлд ч анхаарах шаардлагатай.

Уур амьсгалын өөрчлөлт болон геополитикийн хурцадмал байдал нь цаг хугацаа, орон зайн хувьд алс хол мэт боловч бидний төсөөлж буйгаас хавьгүй ойр аюулыг бий болгоод байна. Эдгээр нөхцөл байдлаас үүдэн компаниуд худалдан авалтын болоод ханган нийлүүлэлтийн бодлогоо “дасан зохицол” чигт хандуулах шаардлагатай нүүр тулж байгааг “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер онцоллоо.

зураг
 

Мөн дээрх сорилтуудыг даван туулахад уул уурхайн салбарын оролцогч талууд хамтран ажиллах хүчтэй түншлэлийг бүрдүүлэх нь чухал. “Оюу толгой” компани хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе гэсэн уриатай ажилладаг. Тиймээс сорилтуудыг даван туулахад хамтран ажиллахад бэлэн байгааг Монголын уул уурхайн салбарынханд илэрхийлсэн юм.

2025 онд Оюу толгойн худалдан авалтын бодлого Ханбогд руу чиглэнэ

зураг
 

“Оюу толгой” компанийн Худалдан авалтын Ерөнхий менежер Хикмет Гаибов тус компанийн худалдан авалтын үйл ажиллагааны бодлого, 2025 оны тендерийн төлөвлөгөөг танилцуулав.

“Оюу толгой” компани 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар 900 орчим ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллаж байгаагаас худалдан авалтын 90 гаран хувийг дотоодын ханган нийлүүлэгчдэд зарцуулж  байгаагаа онцлов.

Мөн 2025 онд “Оюу толгой” компани ханган нийлүүлэгчийн сүлжээгээ илүү өргөжүүлэх, ялангуяа Ханбогдын нийгэм, эдийн засгийн хөгжлийг сайжруулахад анхаарна гэдгээ онцоллоо. Тухайлбал, уурхай дээр эрхэлж байгаа зарим үйл ажиллагааг Ханбогд руу шилжүүлэх, Улаанбаатарт байгаа зарим үйлчилгээг Ханбогдод бий болгох бөгөөд энэ чиглэлд дотоодын ханган нийлүүлэгчдийг хамтран ажиллахыг уриаллаа.

2025 оны Оюу толгойн нээлттэй тендерийн төлөвлөгөө батлагдсан бөгөөд www.ot.mn цахим хуудасны худалдан авалтын хэсгээс бүрэн мэдээлэл авах боломжтой аж.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.