Уншиж байна ...

Хотын дарга зэрлэгээр алагдсаны дараа Мексикийн ерөнхийлөгч хар тамхины эсрэг дайн зарлахаас татгалзав

Т.Давааням, ikon.mn
1 цаг 55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Мексик улсын аллага, хүчирхийллээрээ тэргүүлдэг Геррера мужийн нийслэл хотын дарга албан тушаалд томилогдоод дөнгөж зургаа хоносныхоо дараа гэмт хэрэгтнүүдийн гарт зэрлэгээр алагдсан юм.

Түүний тастсан толгойг пикап автомашины дээвэр дээр байрлуулсныг харуулсан гэрэл зураг сошиал орчинд тархаад байгаа.

Тэгвэл өчигдөр Мексик улсын ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум хар тамхины картелуудын эсрэг шинэ дайн зарлахгүй, өөр аргаар тэмцэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.

Тэрбээр 127 сая хүн амтай Мексик улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон бөгөөд энэ сарын 1-ний өдрөөс үүрэгт ажилдаа орсон юм. Мексикийн эрх баригчид 2006 онд хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх дайныг эхлүүлж байсан ч үр дүнд хүрээгүй. Харин ч гэмт хэргийн гаралт нэмэгдэж, өнгөрсөн хугацаанд 450,000 гаруй хүн алагдаж, олон арван мянган хүн сураггүй болсон юм.

“Хар тамхины эсрэг дайн шинээр эхлэхгүй. Бид өмнөх шигээ шүүхээс гадуур хүмүүсийг цаазлахгүй. Тэгвэл юу хийх вэ? Урьдчилсан сэргийлнэ. Уг шалтгаантай нь тэмцэнэ. Тагнуул, хууль сахиулах үйл ажиллагааны хүрээг нэмэгдүүлнэ” гэж Шэйнбаум мэдэгджээ.

Мексикийн өмнөх ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор “сумны оронд тэврэлт” гэсэн уриатай хүчирхийллийн бус стратегийг хэрэгжүүлж байсан юм.

Шэйнбаум үүнийг үргэлжлүүлэх зорилготой байна.

“Өнөөдөр манай улсын ард иргэдэд найдвартай цагдаагийн хамгаалалт алга. Үүнд Үндэсний Гвард чухал үүрэг гүйцэтгэх болно” гэж Шэйнбаумын засгийн газрын нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Омар Гарсиа Харфуч өчигдөр мэдэгджээ.

Үндэсний Гвардыг улам хүчирхэг болгосноор улс орноо зэвсэглэх, цэрэгжүүлэх бодлого явуулж байна гэж Шэйнбаумын засгийн газрыг шүүмжлэх хүмүүс ч бас байна.

Ням гарагт Герреро мужийн төв Чилпансинго хотын шинэ дарга Алехандро Аркос алагдсан тухай мэдээ Мексикийн нийгмийг цочроогоод байгаа.

Үүнээс гадна хүчирхэг картел үйл ажиллагаа явуулдаг Мексикийн баруун хойд Синалоа мужид сүүлийн нэг сарын дотор 150 гаруй хүн алагдаад байна.

Мексик улс нь АНУ руу хууль бусаар нэвтрүүлдэг хар тамхины гол зам болдог. Сүүлийн жилүүдэд Колумбаас кокаин, Хятадаас фентанил сэтгэцэд нөлөөлөх эмийн түүхий эд их хэмжээгээр дамжин өнгөрдөг болоод байгаа.

Энэхүү хууль бус тээвэрлэлтийн замыг хянахын төлөө цуст дайн Синалоа болон Халиско Шинэ Үеийнхэн нэртэй хоёр том картелын дунд өрнөдөг.

Энэ хоёр картелыг АНУ-ын хар тамхины гамшгийн “цөм” гэж DEA (АНУ-ын Хар Тамхитай Тэмцэх Газар) үздэг юм.

Картелууд олон жилийн турш Мексикийн хууль сахиулах албаны гол хүмүүсийг авлигын сүлжээндээ оруулан ашигласаар ирсэн.

Синалоа картелд олон тонн кокаиныг хулгайгаар хил давуулах боломж олгосон Мексикийн нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд асан Женаро Гарсиа Луна одоо АНУ-ын шоронд ял эдэлж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP