-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-
Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.
Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.
Сүүлийн жилүүдэд улс үндэс, арьс өнгө, шашин шүтлэг, нас хүйсээр үл ялгаварлах үзэл дэлхий нийтэд хүчтэй өрнөж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд буюу тусгай хэрэгцээт хүүхдүүдийг бусад хүүхдүүдээс тусгаарлалгүй, ижил орчинд сурч боловсрох боломжийг бүрдүүлэх зорилготой “Тэгш хамруулах боловсрол”-ын тогтолцоог нэвтрүүлэх ажил Монгол улсад хэрэгжиж эхлээд цөөнгүй жил өнгөрсөн.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бага наснаасаа нийгмээс тусгаарлагдсанаар бусад хүмүүстэй харилцах, амьдралын туршлага хуримтлуулах гээд олон боломжууд нь хязгаарлагдаж, нөгөө талаар хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүдийн хувьд ч өөрөөсөө ялгаатай байдлыг ойлгож, хүлээн зөвшөөрөх сэтгэлтэй болж төлөвших боломж нь хаагдах тал бий. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг сургууль нийтээрээ дэмжих тогтолцоог бүрдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран бүх хүүхэд эрх тэгш байж, олон талт байдлыг эрхэмлэсэн боловсролын тогтолцоогоор дамжуулан, бүх хүн оролцоогоо хангах боломжтой хамтын нийгмийг бүтээхэд “Тэгш хамруулах боловсрол”-ын гол утга учир оршино.
Монгол Улсын Засгийн газар ч энэхүү тогтолцоог хэрэгжүүлэх тал дээр ач холбогдол өгч ирсэн бөгөөд 2009 онд НҮБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц” батлагдмагц холбогдох хууль, тогтоомжуудыг санаачлан батлах ажлуудыг эрчимжүүлсэн. Конвенцийн үндсэн зорилтын хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, дэмжлэгтэй холбоотой улсын хэмжээний хөтөлбөр”-ийг боловсруулан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд голлон анхаарч ирсэн. Улмаар 2016 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль” ч мөн батлагдсан.
Ажлын байрны дадлагажуулагч Р.Будханд нь цэцэрлэгийн багшаар олон жил ажилласан туршлагатай бөгөөд “Тэгш хамруулах боловсрол”-ын тогтолцоог нэвтрүүлэх ажлыг өөрийн эрхлэгчээр ажиллаж байсан цэцэрлэгтээ идэвхтэй хэрэгжүүлж ирсэн нэгэн.
Тэрээр бие эрхтний бэрхшээлтэй хүүхдүүдийг голлон авч хүмүүжүүлдэг 10-р цэцэрлэгт 2 жил ажилласныхаа дараа 147-р цэцэрлэгт мөн эрхлэгчээр ажиллаж байжээ.
Тухайн үед Р.Будханд багш 147-р цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа тэгш хамруулах боловсролын тогтолцоог хэрэгжүүлье гэж шийдэж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг идэвхтэй хүлээн авсан байна. “Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэд боловсрол эзэмших, нийгмийн харилцаанд оролцох боломж бага учраас өөртөө итгэлгүй, ажилд орсон ч тогтвортой ажиллаж чадахгүй, энэ нь цаашлаад бие даан амьдрах чадваргүй нэгэн болоход хүргэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тойрсон асуудлуудын гол цөм нь боловсрол юм” гэж яриагаа эхлэв.
Цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласныхаа дараа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо”-нд 2 жил орчим зөвлөхөөр ажилласан Р.Будханд багш Монголын хөгжлийн бэрхшээлийн салбарын лидрүүдийн нэг болох Ц.Оюунбаатарын хамт 2022 оны 11-р сард “Шинэ алхам” төвийг үүсгэн байгуулжээ. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо”-ны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар нь хөдөлмөрийн тухай хууль болон татварын тухай хууль зэрэг олон хуулиудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг багтаах талаар УИХ-ын гишүүдэд томоохон нөлөө үзүүлж ажилласан. “Шинэ алхам” төв нь хүнд хэлбэрийн оюуны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэхэд голлон ажилладаг Монголд цорын ганц гэж хэлж болох байгууллага юм.
Ажлын байрны дадлагажуулагч Р.Будханд нь багш, сурган хүмүүжүүлэгчээс гадна ТББ-ын зөвлөх, “Шинэ алхам төв”-ийн үүсгэн байгуулагч гээд олон үүрэгт ажлуудыг хийж ирсэн баялаг туршлагатай. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол болон бие даан амьдрах чадварыг хөдөлмөр эрхлэлттэй холбох хэрэгтэй гэж үзэж, 2023 оны 3-р сард DPUB2 төслийн зохион байгуулсан “Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалт”-д хамрагджээ.
Сургалтаар дамжуулан хөдөлмөр эрхлэлтийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний зүгээс бус ажил олгогчийн байр сууринаас харах нь чухал болох, мөн хүн нэг бүрийн бэрхшээлийн онцлогт тохируулан ажлын орчныг загварчлах боломжтой талаар суралцсан” гээд үргэлжлүүлэн “Лекц тус бүрийн дараа дасгал ажил хийж бататгаж байсан нь маш шинэлэг байсан. Жишээлбэл, ажил олгогч эсвэл ажилд орох гэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний дүрд орж, тус бүрийн байр сууринаас асуудлыг хандах боломжийг олгосон үр өгөөжтэй сургалт болсон” хэмээн ярив.
Ажлын байрны дадлагажуулагч Р.Будхандын дэмжлэг үзүүлсэн оюуны бэрхшээлтэй иргэн СХД-ийн 127-р цэцэрлэгт ажиллаж байгаа гэдгийг сонсоод бид 2024 оны 6-р сард тус цэцэрлэгийг зорьсон юм. Цэцэрлэгийн хашаа руу ормогц гадаа талбай болон цэцэрлэгийн ханан дээр гурвалжин, дөрвөлжин, дугуй гээд төрөл бүрийн дүрсийг өнгө ялган зурсан байх ба тоглоомын талбайд гулсуур, савлуур гээд хүүхэд бүрийн тоглох дуртай олон төрлийн өнгөлөг тоглоомуудыг байрлуулсан байв. Энэ бүгдийг харахад цэцэрлэгийн хүүхдүүд өнгө, дүрс ялгаж сурахын зэрэгцээ аюулгүй орчинд тоглож наадах нөхцөлийг бүрдүүлэхийг хичээсэн нь илт. Мөн цэцэрлэгийн дотор хэсэг ч маш өнгөлөг, тохилог байсан бөгөөд коридор болон шатны хажуугийн ханан дээр Монгол үндэсний хувцастай охид, хөвгүүдийн зургийг зурсан нь үндэсний өв соёлоо хүүхэд багачуудад таниулах зорилготой ажээ.
П.Отгонсүрэн нь анх 2023 оны 6-р сард “Шинэ алхам” төвд элсэн орж, улмаар ажлын байрны дадлагажуулагч Р.Будхандын дэмжлэгтэйгээр тус оны 9-р сараас 127-р цэцэрлэгт гадна талбайн үйлчлэгчээр ажиллаж байна. Тэрээр оюуны бэрхшээлтэй бөгөөд цэцэрлэгийн удирдлага, хамт олны зүгээс түүний бэрхшээлийг харгалзан үзэж, өглөө 10 цагаас өдөр 14 цаг хүртэл богиносгосон цагаар ажиллуулдаг.
П.Отгонсүрэн ажилд орсон эхний үедээ хүмүүстэй ярьж, харилцахдаа ичих, сандрах байдал гаргадаг байсан бол ажилдаа, хамт олондоо дасаж ирэхийн хэрээр түүнд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлжээ. “Манай цэцэрлэгийн хүүхдүүд намайг “Ах аа” гэж дуудахад сайхан санагддаг” гээд инээмсэглэх түүнийг харахад хүнтэй ярихдаа айж сандардаг байсан нь аажмаар багасаж байгаа юм болов уу гэж санагдсан.
П.Отгонсүрэн ажилд ороод 3 сар болж байв. Шинэ жилийн уур амьсгал орж, эрэгтэй ажилтан цөөнтэй тус цэцэрлэгт шинэ жилийн баяраар өвлийн өвгөн болох хүн байгаагүй тул багш нар түүнийг татан оролцуулахаар болж, сахал зүүж санта болгожээ. П.Отгонсүрэн “Хүүхдүүд намайг гэж мэдэхгүй “Санта, санта” гээд л “Өвлийн өвөө” гэж дуудаж байсан” гэж тэр үеийг бахархалтайгаар дурсан ярив.
Тэр бас өөрийн хүсэл, мөрөөдлийнхөө тухай ч бидэнтэй хуваалцсан юм. Түүний аав гагнуурчин бөгөөд аав шигээ цахилгаан хэрэгсэл засаж янзалдаг хүн болох мөрөөдөлтэй гэнэ. Бага байхад нь аав ээж хоёр нь салж, түүнээс хойш ээжтэйгээ амьдрах болсон тэр ухаан орсон цагаасаа л хамт амьдардаггүй ч гарын дүйтэй ааваараа бахархаж, үлгэр дуурайлал авч өсжээ. П.Отгонсүрэн одоо ажлынхаа хажуугаар суурь боловсролын гэрчилгээ авахаар оройн ангид онлайнаар суралцаж байгаа юм. “Ирэх жил сургуулиа төгссөнийхөө дараа цахилгаанчны мэргэжлээр суралцах бодолтой байгаа” гэж тэр шийдэмгий хэлэв.
П.Отгонсүрэнд ажлын байран дээр нь байнга зөвлөж, тусалж ажилладаг хүн бол цэцэрлэгийн эрхлэгч А.Энхцэцэг юм. Тэрээр 6 дахь жилдээ тус цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байгаа бөгөөд ажлын байрны дадлагажуулагч Р.Будхандын танилцуулснаар П.Отгонсүрэнг ажилд авчээ.
Нийтдээ 18 жил боловсролын салбарт ажилласан А.Энхцэцэг эрхлэгч Р.Будханд дадлагажуулагчийг 147-р цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхад нь тус цэцэрлэгт биеийн тамирын багшаар ажиллаж байжээ. Тэгш хамруулах боловсролыг цэцэрлэг дээрээ хэрэгжүүлж байсан Р.Будханд эрхлэгчийн нөлөөгөөр хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголттой болсон гэнэ. Тэрээр одоо эрхлэгчээр ажиллаж байгаа 127-р цэцэрлэгтээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авах, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулах тал дээр идэвх санаачилга гарган ажиллаж байна. Тус цэцэрлэгт одоогийн байдлаар нийт 400 гаруй хүүхэд сурч хүмүүжиж байгаа ба эдгээр хүүхдүүдийн 3 нь аутизм, 1 нь даунтай. Мөн нийт 65 багш, ажилчид ажиллаж байгаагаас одоогийн байдлаар П.Отгонсүрэнгээс гадна 1 хөгжлийн бэрхшээлтэй ажилтан ажилладаг.
Р.Будханд дадлагажуулагч болон А.Энхцэцэг эрхлэгч хоёр тэгш хамруулах боловсролын тогтолцоог нэвтрүүлэх тал дээр хүчин чармайлт гарган ажиллаж ирсний гол шалтгаан нь боловсролын байгууллагад олон жил ажилласан туршлагатай нь салшгүй холбоотой юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг аль болох эрт үеэс нь бусад хүүхдүүдтэй харилцах боломжийг бүрдүүлэх нь ирээдүйд тэднийг ялгаварлан гадуурхалт, нийгмээс тусгаарлагдахаас сэргийлж чадна гэсэн бодолтой аж.
“Бага насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ялгаж, дээрэлхэх гэдэг ойлголт байдаггүй. Хамтдаа л тоглож байдаг. Тийм учраас бэрхшээлтэй эсэхийг үл харгалзан хүүхдүүдийг хамтад нь сургах явдал аль аль талдаа хэрэгтэй. Ямар ч хүүхэд бусдыгаа харж, дуурайж өсдөг шүү дээ” гэж А.Энхцэцэг эрхлэгч ярьсан.
А.Энхцэцэг эрхлэгч тэгш хамруулах боловсролын талаар олж мэдэхээсээ өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бусад хүүхдүүдээс тусад нь сургах гэдэг хэвийн зүйл гэж боддог байсан гэнэ. Тийм ч учраас одоо хамт ажиллаж байгаа хамт олондоо зөвөөр нөлөөлж, ойлголт хандлагыг нь өөрчлөх үүднээс хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авч, улмаар багш, ажилтнууддаа хөгжлийн бэрхшээлийн онцлог болон оюуны бэрхшээлтэй хүнтэй хэрхэн харилцах талаар уулзалт яриа хийжээ.
Гэсэн хэдий ч П.Отгонсүрэнг яг ажиллуулж эхэлмэгц “Цэвэрлэ гэсэн газраас өөр хэсгийг цэвэрлэхгүй байна”, ”Усны сав газар байхад аваад хаячихгүй байна”, “Оюуны бэрхшээлтэй хүн ажил хийж чадахгүй юм биш үү” гэх хүмүүс багш, ажилтнуудынх нь дунд байсан. Ил хэлэхгүй ч яаж харилцах учраа олохгүй болохоор харилцаа үүсгэж чадахгүй багш, ажилтнууд ч цөөнгүй байжээ.
Иймд А.Энхцэцэг эрхлэгч багш, ажилтнуудтайгаа дахин уулзаж ярилцан, “Нэг дор олон заавар өгөхгүй байх, хийлгэх ажлаа нэг нэгээр нь, дэс дараалалтай зааварчлах хэрэгтэй” зэргээр бэрхшээлийнх нь онцлогт тохируулан хэрхэн харилцах талаар тайлбарлан, П.Отгонсүрэнг ажилдаа ирэх, явах болон өдрийн хоолны цагаар аль болох ярьж, харилцаж байхыг захижээ. Энэ мэтээр хичээл зүтгэл гаргасны үр дүнд багш, ажилтнуудын ойлголт, хандлага бага багаар сайжирч, П.Отгонсүрэнтэй яриа хөөрөөтэй болж, түүгээр ч зогсохгүй хөгжлийн бэрхшээлийн талаар уншиж судалж байгаа хүн ч бий гэнэ.
А.Энхцэцэг эрхлэгч “П.Отгонсүрэнг ажилд авснаас хойш манай багш, ажилтнуудын дунд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага маш сайжирч байгаа. Манай цэцэрлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ялангуяа оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд нээлттэй, ээлтэй цэцэрлэг байх зорилт тавин ажиллаж байна” гэв. Тэрээр “Ирээдүйд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх цэцэрлэгийн анги бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нээлттэй болж, хамтдаа сурч хөгжих нь энгийн л зүйл болоосой гэж хүсэж байна” гэж нэмж хэлэв.
DPUB2 төслийн үйл ажиллагааны хүрээнд ажлын байрны дадлагажуулагч болсон Р.Будханд дадлагажуулагч болон өмнө нь түүнтэй хамт гар нийлэн ажиллаж байсан А.Энхцэцэг багш хоёр 127-р цэцэрлэгт тэгш хамруулах боловсрол болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байна. Тус цэцэрлэгт гарч байгаа өөрчлөлтүүд нь хөгжлийн бэрхшээлтэй хүн бусад хүмүүстэй хамтдаа ажиллаж, харилцан бие биеэсээ суралцах боломжийг бодитоор бий болгож байна. Ирээдүйд хүний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхдаггүй тийм нийгмийг хамтдаа бүтээхэд хоёр багшийн зүгээс хийж хэрэгжүүлэх, хувь нэмэр оруулах ажил цаашид ч тасралтгүй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.
Байгууллагын нэр |
СХД-ийн 127-р цэцэрлэг |
Үйл ажиллагааны чиглэл |
Сургуулийн өмнөх боловсрол |
Ажилтны тоо |
65 ажилтан /2024 оны 6-р сарын байдлаар/ |
Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо |
2 ажилтан /2024 оны 6-р сарын байдлаар/ |
ХБИ авч ажиллуулах болсон шалтгаан |
・Цэцэрлэгийн эрхлэгч, багш нарын зүгээс тэгш хамруулах боловсролыг хэрэгжүүлэх тал дээр идэвхтэй ажиллаж байгаагаас гадна тэгш хамруулсан ажлын байрыг бий болгохоор ажлын байрны дадлагажуулагчийн дэмжлэгийг авч ажиллаж байна. |
Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ |
・Хөгжлийн бэрхшээлтэй ажилтан авахын өмнө болон авсны дараа гээд шаардлагатай үед багш, ажилтнуудтайгаа уулзаж, яриа таниулга хийсний үр дүнд хөгжлийн бэрхшээлийн талаарх багш, ажилтнуудын ойлголт, хандлага сайжирч, аль болох оюуны бэрхшээлтэй ажилтантай ярьж, харилцдаг болсон. ・Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны бэрхшээлийнх нь онцлогт тохируулан богино цагаар ажиллуулдаг. |
2022 оноос ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ний загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.
Холбоо барих хаяг:
Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn
Утасны дугаар: 77073008, 77032222
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!