Уншиж байна ...

Г.Пүрэвдэлгэр: Сонгуулийн сурталчилгааны самбар алга болсон буюу “хулгайлах” зүйлчлэлтэй холбоотой 36 гомдол ирсэн

П.Сайнжаргал, IKON.MN
36 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагаас орон нутгийн ээлжит сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчил, түүний шийдвэрлэлт болон цаг үеийн бусад асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулав. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор есдүгээр сарын 13-наас аравдугаар сарын 8-ны хооронд цагдаагийн байгууллагад нийт 492 гомдол мэдээлэл ирсэн.

Үүнээс

  • орон нутагт 274
  • нийслэлд 218 гомдол мэдээлэл ирсэн.

Бүртгэгдсэн нийт гомдол мэдээллийн 146 нь гэмт хэргийн шинжтэй, 346 нь зөрчлийн шинжтэй байна.

Шийдвэрлэсэн 279 гомдол, одоо ажиллагаанд 213 гомдол мэдээллийг шалгаж байгаа.

Гомдол мэдээлэл гаргасан эх сурвалжаар нь ангилж үзвэл:

  • МАН 144
  • АН 154
  • ХҮН намаас 15
  • Бусад 179 гомдол тус тус эзэлжээ.

Бусад гэдэг нь намын төлөөлөл, иргэд, нэр дэвшигчдийн бие төлөөлөгч гэх мэтчилэн олон төрлийн эх сурвалжийг хамаарч байгаа" гэлээ. 

"Төв аймгаас бусад бүх аймагт гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн "Өнөөдрийн байдлаар гэмт хэрэг зөрчлийн шинжтэй дуудлага 495 болж өссөн. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл гурав дахин их бүртгэгдсэн.

Дээрх хугацаанд шалгагдсан гомдол мэдээллийг зүйлчлэлээр ангилбал: 

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 41 буюу 28.1 хувь нь Эрүүгийн хуулийн 14.5 буюу иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх гэж зүйлчлэгдсэн гомдол мэдээлэл эзэлж байна.
Харин 89 гомдол мэдээлэл буюу 60.9 хувийг нь Эрүүгийн хуулийн 14.8 буюу Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах гэсэн гэмт хэргийн шинжтэй гомдол эзэлжээ.

Төв аймгаас бусад бүх аймагт гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллүүд бүртгэгдсэн.

Зөрчлийн шинжтэй шалгагдаж буй гомдол мэдээллийг зүйлчлэлээр нь авч үзвэл:

Зөрчлийн тухай хуулийн 8.8 буюу эд хөрөнгө устгах, гэмтээх төрлийн 56 гомдол мэдээлэл. Энэ нь бүртгэгдсэн нийт гомдол мэдээллийн 16.1 хувийг эзэлж байна.
Мөн Зөрчлийн тухайн хуулийн 17.1, 18.1 буюу хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан гэх утга агуулга бүхий 56 гомдол байна. Энэ нь 16.1 хувийг эзэлж байгаа юм.
Зөрчлийн тухай хуулийн 17.1.1, 16.1 бараа, эд зүйлийг хөнгөлөлттэй үнээр худалдаалсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн гэх 36 гомдол мэдээлэл байна. Энэ нь нийт гомдлын 10.4 хувийг эзэлжээ.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 8.6 сурталчилгааны самбар алга болж байгаа үйлдлүүдийг шууд “хулгайлах” зүйлчлэлээр авч үзэж байгаа. Үүнтэй холбоотой нийт 36 гомдол мэдээлэл ирсэн.

Бусад төрлийн 213 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ нь нийт гомдлын 47 орчим хувийг эзэлж байна" гэдгийг хэллээ. 

"Орон нутгийн ээлжит сонгуулиар 2,230 хэсгийн хороонд санал авна"

Үргэлжлүүлэн "Орон нутгийн сонгуультай холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий Газрын даргын энэ оны А382 дугаар тушаалаар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбогдуулан аравдугаар сарын 9-ний 09:00 цагаас аравдугаар сарын 13-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжүүлэн ажиллуулах тушаал гарсан.

Орон нутгийн ээлжит сонгуулиар 2,230 хэсгийн хороонд санал авна.

Үүнд цагдаагийн байгууллагаас 10,684 алба хаагч 574 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэхээр төлөвлөгөө батлагдаж, алба хаагчид хуваарилагдсан" хэмээв.