Уншиж байна ...

Хиймэл оюуны технологийн “загалмайлсан эцгүүд” физикийн салбарын Нобелийн шагнал хүртэхээр боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт энэ оны физикийн салбарын Нобелийн шагнал хүртэх эрхмүүдийн нэрсийг зарлажээ.

Энэхүү нэр хүндтэй шагналыг хиймэл оюуны технологийн анхдагчид гэгддэг Жон Хопфилд, Жофри Хинтон нар авахаар болсон байна.

Канад, Их Британийн иргэн Хинтон нь Торонтогийн Их сургуульд, АНУ-ын иргэн Хопфилд нь Принстоны Их сургуульд ажилладаг юм.

“Энэ жилийн физикийн салбарын шагналыг өнөөдрийн хүчирхэг машин сургалтын арга технологийн үндэс болсон физикийн багаж хэрэгслийг бүтээсэн эрхмүүд хүртэхээр боллоо” гэж Нобелийн шагналын хорооноос мэдээлжээ.

Тэднийг “статистикийн физикийн үндсэн ойлголтуудыг их өгөгдлийн сантай ажилладаг хиймэл мэдрэлийн систем бүтээхэд ашигласан” гэж Шведийн Хааны Шинжлэх Ухааны Академийн Нобелийн хорооны гишүүн Эллен Мүүнс үнэлсэн байна.

“Би үнэхээр их гайхлаа. Ийм зүйл болно гэж огт төсөөлөөгүй” гэж Хинтон шагнал хүртэх болсноо сонссоны дараа ярьжээ.

Хиймэл оюуны технологи хүн төрөлхтний соёл иргэншилд асар том нөлөө үзүүлж, хүний бүтээмж, эрүүл мэндийг сайжруулна гэж үзэж байгаагаа тэр энэ үеэр илэрхийлсэн юм.

“Үүнийг аж үйлдвэржилтийн хувьсгалтай харьцуулах боломжтой. Машин техник нь зөвхөн физик хүч чадлаар биш, оюун ухаанаар хүмүүсээс илүү гарах болно. Бид өмнө нь өөрөөсөө ухаалаг зүйлтэй зэрэгцэн амьдарч үзээгүй. Тиймээс олон талаараа гайхалтай байх болно. Гэхдээ бид бас хэд хэдэн сөрөг үр дагавар, ялангуяа бидний хяналтаас гарах аюулын талаар санаа зовох ёстой” гэж Хинтон ярьжээ.

Энэ жилийн Нобелийн шагналтнуудыг зарлах ажиллагаа Даваа гарагт эхэлсэн юм.

Эхний өдөр анагаах ухааны салбарын шагналтнаар АНУ-ын Виктор Амброс, Гари Рувкун нар тодорсон. Тэд эсийн дотор оршдог асаах, унтраах үүрэгтэй генетикийн материалыг олж илрүүлсэн амжилтаараа энэ шагналыг хүртэхээр болжээ. Эсүүдийн ажиллагаа хянах, удирдахад ашиглаж болох энэ нээлтийн үр дүнд ирээдүйд хорт хавдар зэрэг өвчнийг эмчлэх боломжтой болно гэж үздэг.

Салбар бүрийн шагналтнууд Шведийн зохион бүтээгч Алфред Нобелийн гэрээсэлж үлдээсэн мөнгөнөөс 11 сая швед кроныг ($1 сая) хувааж хүртэнэ.

Тэд Нобелийн нас барсны ойн өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Шведийн нийслэл Стокхольм хотод зохион байгуулагдах ёслолын арга хэмжээний үеэр шагналаа гардаж авах юм.

Өнөөдөр орой химийн салбарын, маргааш утга зохиолын, Баасан гарагт энх тайвны шагналтнууд тодрох бол Даваа гарагт эдийн засгийн салбарын шагналтны нэрийг зарлана.

 

Эх сурвалж: Associated Press