Уншиж байна ...

Энэ оны эхний есөн сард 96,900 тонн хүнсний ногоо импортолсон нь өмнөх жилийн мөн үеэс 40% өссөн үзүүлэлт болов

Г.Мөрөн, iKon.mn
2 цаг 55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны эхний есөн сарын гадаад худалдааны мэдээллийг Гаалийн Ерөнхий Газраас өнөөдөр танилцуулав.

Дурдсан хугацаанд импортоор нийт 8.6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 1.9 тэрбум ам.доллароор буюу 27.4 хувиар өссөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 95.9 хувийг валютын төлбөртэй худалдаа, нэг хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.8 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.6 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.4 хувийг төлбөрт зориулсан бараа эзлэв.

Мөн импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд

  • машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1.8 тэрбум ам.доллар буюу 20.4 хувь,
  • эрдэс бүтээгдэхүүн 1.8 тэрбум ам.доллар буюу 21.3 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1.2 тэрбум ам.доллар буюу 88.4 хувь),
  • мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 881.5 сая ам.доллар буюу 13.7 хувь,
  • авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1.9 тэрбум ам.доллар буюу 21.8 хувь,
  • үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 765.9 сая ам.доллар буюу 8.9 хувь,
  • химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 453.7 сая ам. доллар буюу 5.3 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 84.9 хувь ногдож байна.

Манай улс дэлхийн 152 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос

  • БНХАУ-д 39.8 хувь;
  • ОХУ-д 24.6 хувь;
  • Японд 10.3 хувь;
  • БНСУ-д 4.1 хувь;
  • АНУ-д 4.5 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 83.4 хувийг эзэллээ.

Импортын барааны мэдээллээс харахад энэ оны эхний есөн сард 96.9 мянган тонн хүнсний ногооны импортолсон нь өмнөх оны мөн үеэс 40.2 хувиар өссөн дүн боллоо. Түүнчлэн импортын элсэн чихэр, ургамлын тосны 42-65 хувиар өссөн бол улаанбуудайн гурилын хэмжээ 9.9 дахин нэмэгджээ. 

Харин дурдсан хугацаанд 63.6 сая ширхэг өндөг импортоор авсан нь өмнөх оны мөн үеэс 56 хувь буурсан дүн юм.