Уншиж байна ...

С.Эрдэнэсайхан: Японы сакураг нутагшуулах ажил амжилттай болбол Монголд ургана

Д.Янжиндулам, ikon.mn
5 цаг 19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Гачууртын замд байрлах Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны/УБЗАА/ мод үржүүлгийн газрын 32 га талбайд цэцэг, мод, бутны суулгацыг бэлтгэдэг байна.

Энэ талаар УБЗАА-ны хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан "УБЗАА-ны мод үржүүлгийн газарт анх 2022 оны зургаадугаар сард таван га талбайд 12 сая орчим хайлаас модны үр тарьсан юм. Одоо энэхүү талбайн хэмжээг 32 га болгоод байна. Задгай талбайд 22 хүлэмжтэй, 2.5 сая орчим цэцэг, модны тарьц бий болж байна. Ирэх жилээс эдгээр тарьц талбайд гарахад бэлэн болно.

Харин хайлаас модны долоон сая орчим үрийг энэ намар тарина гэж тооцоолж байна" гэж мэдээллээ.

Мод үржүүлгийн газарт 2023 онд 2,000 м.кв талбай бүхий поликарбонат хүлэмжийг байгуулсан бөгөөд жилийн дөрвөн улиралд цэцэг, мод, бутны үрсэлгээг хийдэг байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд хавар, намрын улиралд модны шинэ суулгацыг гаргах боломжтой болжээ. Уг хүлэмж нь Хятадын сүүлийн үеийн технологитой агаар, усалгааны систем, бордоог өөрөө тохируулдаг байна.

Түүний мэдээлснээр УБЗАА-ны мод үржүүлгийн газар нь ижил чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хувийн байгууллагуудтай хамтарч ажилладаг байна. Ингэхдээ суулгацын 20%-ийг нийслэлийн ногоон байгууламжид, 80%-ийг хувийн байгууллага авдаг болжээ.

Үүнээс гадна уг газарт мод үржүүлгийн судалгааны гурван байгууллага ажиллаж лили цэцгийг Монголд нутагшуулсан байна. Улаанбаатар хотын төв талбайд тарьсан лили цэцгийн суулгацыг уг хүлэмжээс авчээ. Наранцэцэг, мандарваа, нэг наст цэцгийн суулгацыг нийслэлийн зургаан дүүрэгт шилжүүлж байгаа юм байна.

"Одоо сакураг нутагшуулах ажлыг судалгааны байгууллагынхан хийж байгаа, амжилттай болбол Японы сакура Монголд ургана. Ногоон бирж сайтаар Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны/УБЗАА/ мод үржүүлгийн газрын цэцэг, мод, бутны суулгацыг борлуулдаг" гэдгийг УБЗАА-ны хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан онцлов.

Гачууртад байрлах тус мод үржүүлгийн газар нь Ойн генетик, биотехнологийн лабораторитой, 117 метр.куб газарт хөв цөөрөм байгуулж, гадаргуугийн усыг ашигладаг байна.