Уншиж байна ...

Литва улсын эрх баригчид ОХУ-д хүрэх байсан цэргийн хувцас хэрэгсэлтэй ачааны замыг өөрчилж, Украин руу явуулжээ

Т.Давааням, ikon.mn
6 цаг 10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Литва улсын гаалийн албаныхан ОХУ-д хүрэх байсан төмөр замын ачааны чиглэлийг өөрчилж, Украин руу явуулсан талаар эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.

Тус улсын баруун өмнөд боомтын гаалийн байцаагчид есдүгээр сарын 27-ны өдөр цэргийн хээрийн хувцас хэрэгсэл бүхий дөрвөн хэсэг ачааг Калининград-Москва чиглэлийн галт тэрэгнээс илрүүлсэн юм байна.

Калининград муж нь Оросын бүрэлдэхүүн хэсэг боловч Литва, Польш улсуудтай хил залгаж, Оросын үндсэн нутаг дэвсгэрээс хуурай газраар таслагдсан байдаг.

Тиймээс Оросын үндсэн газар нутгийг чиглэсэн Калининградын авто болон төмөр замын тээврийн бүх урсгал заавал өөр улсын нутаг дэвсгэрээр дамждаг юм.

зураг
 

Ачааг шалгахад Калининград мужийн сайн дурынхан Украинд явуулж буй Оросын дайны ажиллагааг дэмжих, туслах зорилгоор цэргийн хувцас хэрэгслийг цуглуулснаа явуулсан байжээ.

Гэтэл Литвагийн гаалийнхан уг ачааны чиглэлийг замаас нь өөрчилж, Украины зэвсэгт хүчинд хаяглан явуулсан байна.

Ер нь Литва улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрдөг Оросын галт тэрэг улс төрийн зөрчил тэмцлийн хэрэгсэл болсоор байгаа.

Тухайлбал Калининградаас Москва чиглэлд зорчдог галт тэрэгний бөөрөн дээр “Z” үсэг бичих, Литвагийн нийслэл Вильнюс хотыг “Оросын хот” гэж бичих зэрэг өдөөн хатгалгууд өмнө нь гарч байжээ.

Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байгаад тусгаар тогтносон Литва улс одоо Украины хамгийн идэвхтэй дэмжигч болоод байгаа.

Украинд үзүүлсэн тусламжийг нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан хувь хэмжээгээр Литва улс одоо Дани, Эстони улсуудын дараа гуравдугаарт бичигдэж байна.

Тус улс өнгөрсөн хугацаанд $812 саяын үнэ бүхий зэр зэвсгийн тусламж, $110 саяын хүмүүнлэгийн тусламж Украинд илгээжээ.

Энэ нь Литвагийн дотоодын нийт бүтээгдэхүүний 1.43 хувь болж байна.

Харьцуулбал АНУ нийтдээ $75 тэрбумын тусламжийг Украинд үзүүлсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.35 хувь болж байгаа юм.

Энэ оны гуравдугаар сард Литва улсын ерөнхий сайд Ингрида Шимоните “Хэрвээ Путинийг бид Украинд зогсоохгүй бол дараа нь Европ тивд аюул учруулах болно” гэж хэвлэлд ярьж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider