Уншиж байна ...

Мексикийн нэг хотын дарга үүрэгт ажилдаа ороод хэдхэн хоногийн дараа алагдав

Т.Давааням, ikon.mn
5 цаг 31 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Мексик улсын хамгийн их гэмт хэрэг, аллага гардаг Герреро мужийн нийслэл хотын шинэ дарга үүрэгт ажлаа хүлээж аваад хэдхэн хоногийн дараа зэрлэгээр алагджээ.

Алехандро Аркос нь Ням гарагт алагдахаасаа зургаа хоногийн өмнө 280,000 оршин суугчтай Чилпансинго хотын даргаар томилогдож байсан юм.

“Түүний үхэл Геррерогийн ард иргэдийг уй гашууд автуулж, бидний уур хилэнг бадрааж байна” гэж Герреро мужийн захирагч Эвелин Салгадо сошиал хуудсандаа бичжээ.

Албан ёсны мэдээлэл гарахаас өмнө Аркосын тастсан толгойг пикап автомашины дээвэр дээр тавьсныг харуулсан гэрэл зураг WhatsApp мессэнжэрт тархаад байсан юм.

Аркосыг алагдахаас гурав хоногийн өмнө Чилпансинго хотын захиргааны шинэ нарийн бичгийн дарга Франсиско Тапиа буудуулж алагджээ.

Херрера мужаас сонгогдсон сенатор Алехандро Морено “Тэд нийгэмд хөгжил дэвшил авчрах хүсэл эрмэлзэлтэй шударга, залуу албан тушаалтнууд байсан юм” гэж сошиал хуудсандаа эмгэнэн бичээд Аркос, Тапиа нарын аллагыг мөрдөн шалгахыг Мексикийн холбооны прокурорын газарт уриалсан байна. Одоогоор эдгээр хэргийг мужийн прокурорын газар шалгаж байгаа юм.

Герреро муж нь төрийн албан хаагчид, сэтгүүлчдийн хувьд хамгийн аюултай бүс нутаг болоод байгаа.

Өнгөрсөн зун болсон орон нутгийн сонгуульд тус мужаас өрсөлдсөн нийт зургаан нэр дэвшигч алагдсан юм.

 

Эх сурвалж: Reuters