Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британи улс өөрийн колони Чагос арлуудыг Маврики улсад шилжүүлж өгөхөөр боллоо

Т.Давааням, ikon.mn
2024 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Олон жилийн турш далайн чанад дахь газар нутаг нь байсан Чагос арлуудыг Маврики улсад шилжүүлэх болсноо Их Британийн засгийн газар өчигдөр зарлажээ.

Гэхдээ тус арлуудын нэг Диего Гарсиа дахь Их Британи, АНУ-ын хамтарсан цэргийн бааз хэвээр үлдэх болсон байна.

Диего Гарсиагаас бусад арлууд дээр Маврики улсын иргэд суурьших боломжтой болжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хамтарсан цэргийн баазын ирээдүйг баталгаажуулсан Их Британийн эрх баригчдын шийдвэрийг талархан хүлээж авснаа мэдэгдсэн байна.

“Диего Гарсиа бол үндэсний, бүс нутгийн, дэлхийн аюулгүй байдалд чухал үүрэгтэй АНУ-Их Британийн цэргийн бааз юм” гэж Байден мэдэгдэлдээ онцолжээ.

“Диего Гарсиа цэргийн баазын ирээдүйд аюул учруулах, газар нутгийн маргаан, хууль эрх зүйн сорилт болж байсан асуудлыг манай засгийн газар өвлөн авсан юм. Өнөөдрийн гэрээгээр цэргийн баазын ирээдүйг баталгаажуулж байна. Ингэснээр дэлхий нийтийн аюулгүй байдалд бидний гүйцэтгэх үүргийг бэхжүүлж, Энэтхэгийн далайг Их Британи руу хууль бусаар цагаачлах аюултай зам болгох боломжийг хааж, Маврики улстай урт хугацаанд хамтран ажиллах баталгаа бий болж байна” гэж Их Британийн гадаад хэргийн сайд Дэвид Лэмми мэдэгдсэн юм.

Их Британи улс 1814 оноос хойш энэ бүс нутгийг колоничилж, Маврики улсыг тусгаар тогтнолоо зарлахаас гурван жилийн өмнө буюу 1965 онд Чагос арлуудыг салгаж, өөрийн далайн чанад дахь нутаг болгож байжээ.

1970-аад оны эхээр Чагос арлуудын хамгийн том нь болох Диего Гарсиад агаарын бааз байгуулах зорилгоор тэнд амьдарч байсан Маврики болон Сейшелийн 2,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн юм.

2019 онд НҮБ-ын ерөнхий ассамблей хүн амыг нь хууль бусаар нүүлгэн шилжүүлсэн арлуудыг Их Британи улс Маврики улсад буцаан шилжүүлэх ёстой гэсэн утга бүхий тогтоол гаргаж байв.

2016 онд Британийн засгийн газар Диего Гарсиа арлын баазыг АНУ-д түрээслэх хугацаагаа 2036 он хүртэл сунгаж, Чагос арлуудын уугуул иргэдийг буцаж ирэхийг хориглож байжээ.

Гэвч энэ оны долдугаар сард болсон парламентын сонгуулиар Хөдөлмөрийн нам олонх болсноор ерөнхий сайд Кир Стармерын засгийн газар олон улсын дүрэм журмыг хүндэлсэн шийдвэр гаргаж байна.

Харин сонгуульд ялагдаж цөөнх болсон Консерватив намын улс төрчид засгийн газрынхаа шийдвэрт сэтгэл хангалуун бус байна.

Өмнөх засгийн газрын гадаад хэргийн сайд асан, Консерватив намын шинэ даргын сунгаанд өрсөлдөж буй Жэймс Кливерли “Сул дорой!” хэмээх үгийг сошиал хуудсандаа гурав давтан бичжээ.

Шинэ гэрээгээр Их Британи улс Диего Гарсиа арлыг 99 жилийн турш эзэмшихээр болж байна.

Энэ арал дээр оршдог цэргийн бааз Ирак, Афганистаны дайны үеэр чухал ач холбогдолтойгоо батлан харуулсан юм.

Тухайн үед эндээс алсын зайн бөмбөгдөгч онгоцнуудыг хөөргөдөг байжээ.

 

Эх сурвалж: Reuters