Украины дайнтай холбоотой Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас Оросын компаниудын гадаад төлбөр тооцоонд томоохон бэрхшээл үүсээд байгаа.
Өчигдөр Оросын нэг компани Пакистанд вандуй болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлээд оронд нь цагаан будаа, улаан лооль, мандарин авах 100 хувь бартерын гэрээ байгуулсан талаар ТАСС агентлаг мэдээлжээ.
Тухайлбал дээрх мэдээнд дурдагдсан Астарта-Агротрэйдинг компани 20,000 тонн вандуйгаар Пакистаны Meskay & Femtee Trading компаниас хүнсний бүтээгдэхүүн солилцох гэрээг байгуулсан байна.
Энэ оны зургаадугаар сард АНУ-ын сангийн яам ээлжит хориг арга хэмжээ зарласны дараа гуравдагч улс орнуудын банкнууд Оростой холбоотой төлбөр тооцоог гүйцэтгэхээс татгалзаж эхэлсэн юм.
Сүүлийн үед Афганистан, Иран, Хятад улсууд бартерын нөхцөлөөр ОХУ-тай худалдаа хийх боломжийг хэлэлцэж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.
2022 оны намар буюу Украины дайн эхэлснээс хойш хэдхэн сарын дараа Оросын эрх баригчид Энэтхэгт нийлүүлсэн газрын тосны хуримтлагдсан төлбөр болох $1 тэрбумтай тэнцэх хэмжээний рупийг хатуу валютаар хүлээж авах боломжгүй болсон тул өөрт шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг Энэтхэгээс худалдаж авах, Энэтхэгийн зарим салбарт хөрөнгө оруулах зэргээр ашиглах төлөвлөгөө гаргасныг Financial Times сонин өнгөрсөн сард мэдээлж байв.
Оросын парламент энэ оны долдугаар сард гадаад худалдааны төлбөр тооцоонд крипто валют ашиглахыг зөвшөөрөх тухай хууль баталсан нь бас уг асуудалтай холбоотой авсан арга хэмжээ байжээ.
Украины дайны турш Оросын эдийн засаг өсөлтөө хадгалж байсан хэдий ч сүүлийн үед инфляц нэмэгдэхийн хэрээр дотоод зах зээлийн эрэлт буурах шинж ажиглагдаж эхэлснийг Оросын төв банк саяхан мэдээлж байв.
Энэ нь стагфляц гэгддэг эдийн засгийн хямрал үүсэх эрсдэл нэмэгдэж байгаагийн илрэл юм.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!