Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч асан эрхмүүдээс Жимми Картер анх удаа 100 нас хүрлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер өчигдөр буюу Мягмар гарагт 100 нас хүрчээ.

Тус улсын түүхэнд ийм өндөр нас насалсан ерөнхийлөгч байдаггүй юм.

Өндөр насны улмаас эрүүл мэнд нь дордсон Картер 19 сарын өмнө Жоржиа мужийн Плэинс дэх гэртээ тусгай асрамжид шилжиж байв.

Цагаан ордон хойд хаалганыхаа дэргэд “Ерөнхийлөгч Картерт төрсөн өдрийн мэнд хүргэе” гэсэн бичгийг 100-ын тоотой хамт байрлуулж, экс ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлжээ.

зураг
 

Анх удаа сенатад сонгогдсоныхоо дараа 1976 оны Картерын сонгуулийн кампанит ажлыг дэмжиж байсан 81 настай ерөнхийлөгч Жо Байден “манай үндэстний болон дэлхий дахины ёс суртахууны хүч” гэж экс ерөнхийлөгчийг магтсан байна.

“Таны эх орныхоо ирээдүйг харах алсын хараа, илүү сайхан ертөнцийг бий болгох хүсэл эрмэлзэл, хүмүүний сайн сайхны хүчинд тууштай итгэх итгэл тань бид бүгдийг чиглүүлсэн хэвээр байна” гэж Байден цааш нь хэлжээ.

Картерын биеийн байдал сайн, ирэх сонгуулиар Ардчилсан Намын нэр дэвшигч Камала Харрист санал өгөх хүсэлтэй байгаа талаар түүний ач хүү Жэсон Картер хэвлэлд ярьсан байна.

Жимми Картер 1977-1981 оны хооронд нэг бүрэн эрхийн хугацаанд ажилласан бөгөөд өндөр инфляц, Иранд барьцаалагдсан Америкчуудын асуудал зэргийн улмаас дахин сонгогдож чадаагүй юм.

Гэхдээ сүүлийн үед түүхчид түүнийг уур амьсгалын хямралын эсрэг арга хэмжээ авахыг анх удаа уриалж, цаг үеэсээ түрүүлсэн бодлоготой ерөнхийлөгч байсан гэж үнэлэх болжээ.

Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусныхаа дараа Картер дэлхий дахины хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэж, 2002 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж байв.

Жимми Картерын 77 жил ханилсан гэргий Розалин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нас барсан юм.

Экс ерөнхийлөгч гэргийнхээ оршуулгын ёслолд оролцохдоо хамгийн сүүлд олон нийтийн өмнө ил гарч байжээ.

Картер хорт хавдар болон бусад өвчнөөр оношлогдож байсан бөгөөд 2023 оны хоёрдугаар сард бүх эмчилгээгээ зогсоож, тусгай асрамжид шилжсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian