Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Иран улс 180 гаруй баллистик пуужингаар нутаг дэвсгэрт нь довтолсныг Израилийн зэвсэгт хүчин мэдээллээ.
Израил даяар агаарын түгшүүр зарлаж, Йерусалем хот болон Йордан голын хөндий дагуу дэлбэрэлтүүд сонсогдож, хүмүүс олноор хоргодох байранд орцгоож байжээ.
Израилийн арми хөрш Ливаны нутагт үйл ажиллагаа явуулдаг Хезболла зэвсэгт байгууллагын эсрэг байлдааны ажиллагааг хоёр долоо хоногийн өмнөөс эрчимжүүлсэн юм. Энэ үеэс эхлэн Хезболлагийн ивээн тэтгэгч Иран улс Израил руу довтолж, шинэ дайн дэгдэж магадгүй гэсэн айдас бий болоод байв.
“Иран улс том алдаа гаргалаа. Үүнийхээ хариуг тэд төлөх болно” гэж Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху аюулгүй байдлын асуудлаар шуурхай хуралд оролцохдоо хэлжээ.
Ойрх Дорнодод дайн дэгдэж болзошгүй болсны улмаас газрын тосны үнэ 5 хувиар өсөж, НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр буюу Лхагва гарагт шуурхай хурал зарласан байна.
Ираны Хувьсгалт Гвард өчигдрийн халдлагаа “Хезболла, Хамасын удирдагчдын амийг хөнөөж, Ливаны нутаг дэвсгэрт халдан түрэмгийлсний хариу арга хэмжээ” гэж тайлбарлажээ.
Энэ халдлагад анх удаагаа дуунаас хурдан Фаттах пуужинг ашигласан, харвасан нийт пуужингуудын 90 хувь нь байндаа хүрсэн тухай бас мэдэгдэлдээ дурдсан байна.
Харин Израилийн тал Ираны харвасан пуужингуудын ихэнх хэсгийг өөрийн болон АНУ тэргүүтэй холбоотнуудын агаарын довтолгооноос хамгаалах системээр устгасныг мэдээлжээ.
Цөөн тооны пуужин Израил улсын төв болон өмнөд хэсэгт хохирол учруулсныг дээрх мэдэгдэлд дурдсан байна.
Одоогоор Йордан голын баруун эргийн Палестины эзлэгдсэн нутагт нэг хүн алагдсанаас өөр хүний амь нас хохирсон талаар мэдээлээгүй байна.
АНУ-ын тэнгисийн хөлгүүд Ираны пуужинг амдаж устгах зорилгоор арав гаруй пуужин харвасан тухай Пентагон мэдээлжээ.
Израил улсыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдрийн Ираны агаарын довтолгоог “үр дүнгүй” гэж тодорхойлсон байна.
Тэрбээр Ираны эсрэг ямар хариу арга хэмжээ авах талаар дотроо болон Израилийн ерөнхий сайд Нетаньяхутай ярилцахаар төлөвлөснөө энэ үеэр хэлжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч Камала Харрис одоогийн засаг захиргааныхаа бодлогыг бүрэн дэмжиж байгааг мэдэгдсэн байна.
“Бид арга хэмжээ авна. Иран улс удахгүй хийсэн зүйлийнхээ үр дагаврыг амсах болно. Хариулт нь зовлон шаналал мэдрүүлэх болно” гэж НҮБ дахь Израилийн элчин сайд Дэнни Данон сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.
Энэ оны дөрөвдүгээр сард Иран улс Израилийн нутаг дэвсгэрт бас пуужин болон нисгэгчгүй онгоцоор довтолж байсан юм. Өчигдрийн халдлага үүнээс хоёр дахин хүчтэй байсныг Пентагон мэдээлжээ.
Ираны гадаад хэргийн яам энэ удаагийн халдлагыг Израилийн зөвхөн зэвсэгт хүчний байгууламжуудыг чиглэсэн, хамгаалалтын шинж чанартай ажиллагаа байсныг онцолсон байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “хурцадмал байдал ар араасаа өргөжиж” байгаад харамсал илэрхийлээд “Үүнийг бид зогсоох ёстой. Гал зогсоох зайлшгүй шаардлагатай” гэж мэдэгджээ.
Өчигдөр Ираны халдлага эхлэхээс өмнө Израилийн арми Ливаны нийслэл Бейрут хотод агаараас довтлох үеэр Хезболлагийн Имам Хуссайн дивизийн командлагч амь үрэгдсэн байна.
Энэ үеэр нийт 55 хүн алагдаж, 156 хүн шархадсаныг Ливаны эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Газын зурваст дайн эхэлснээс хойших бараг нэг жилийн турш Израил, Хезболлагийн хооронд хил дамнасан мөргөлдөөн үргэлжилж байгаа.
Энэ мөргөлдөөний улмаас Ливаны талд нийт 1,900 орчим хүн амь үрэгдэж, 9,000 гаруй хүн шархадсаны ихэнх нь сүүлийн хоёр долоо хоногт бүртгэгдсэн байна.
Даваа гарагт Израилийн цэргүүд сүүлийн 18 жилийн хугацаанд анх удаа Ливаны нутаг дэвсгэрт нэвтэрч, хуурай замын байлдааны ажиллагаа эхлүүлсэн юм. Израилийн тал үүнийгээ зөвхөн хил орчмын нутагт Хезболлагийн дэд бүтцийг устгах зорилготой гэж тайлбарлаж байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!