Жил бүрийн тав болон 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан байдаг.
Аравдугаар сарын мод тарих өдөр ойртсон энэ үед мэргэжилтний зөвлөгөөг хүргэж байна.
Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн Инженер, технологийн сургуулийн хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ц.Батчулуун "Аравдугаар сараас арваннэгдүгээр сарын эхэн гэхэд үндсэндээ газар хөлддөг. Хөрсөн дэх бодисын эргэлтүүд идэвхгүй байдалд орно. Үүнээс нь өмнө буюу аравдугаар сарын 20-н хүртэл намрын тарилтыг хийх шаардлагатай.
Мод тарих гэдэг нь нэг хэрэг. Ургуулах нь хамгийн чухал асуудал.
Тэр орчиндоо мод тарихын тулд нэгдүгээрт хөрс, ямар хөрсөнд ямар мод тарих вэ нь тун чухал. Хоёрдугаарт ямар усаар услах вэ гэдгээ бодох ёстой.
Намар мод таривал тухайн мод орчиндоо ирээд нэг ёсондоо өвөлжинө гэсэн үг. Хөрсөндөө өвөлжөөд орчиндоо дасан зохицох нөхцөлүүд нь бүрдэнэ. Намрын тарилтын дараа хавар ургаад эхлэх үедээ хөрсний бодисын эргэлтээр шим тэжээлээ авч, тарьсан мод, сөөг нь найдвартайгаар ургаж сэргэх боломж бүрддэг учраас намар мод тарих үндэслэл болж байгаа юм" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!