Нийтийн тээврийн шинэ автобусны техникийн үзүүлэлтийг танилцуулав.
Нийтийн Тээврийн Бодлогын газрын дарга Д.Отгонжаргал "2023 оны арванхоёрдугаар сараас хойш хоёр сарын хугацаанд БНХАУ-ын "Yutong Bus" компаниас 600 ширхэг шинэ автобус авч, энэ оны гуравдугаар сарын 1-нээс үйлчилгээнд гаргасан юм. Худалдан авах ажиллагааны нэмэлт гэрээний дагуу есдүгээр сарын 27-ноос эхэлж угсраа загвартай, их багтаамжийн 31 автобусыг авч байна.
Автобус 41 хүний суудалтай, нийт багтаамж 125 ба түүнээс дээш. Хөдөлгүүр 350-аас дээш морины хүчин чадалтай, 15 халаалтын систем, 16 камертай.
Цонхны шил вакум, цантахгүй. Өвлийн 45 градусын хүйтэнд ажиллах тоормосны систем, зуны цагт ажиллуулах сэрүүцүүлэгчээр тоноглогдсон.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн буух, суух тусгай шаттай. Иргэд орж, гарч байгааг мэдээлэх дохиоллын системүүдтэй, автобусны гадна талын урд, хойд хэсэгт камертай. Энэхүү камер авто замын нэгдүгээр эгнээгээр дүрэм зөрчиж яваа автомашины мэдээллийг дамжуулна.
Банкны болон U-money зэрэг төлбөрийн олон төрөлт карт ашиглах боломжтой. Гадаад улсын иргэн виза картаа уншуулж болно.
31 автобусыг М:1 Таван шар-Офицеруудын ордон, М:2 Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай, М:3 Архивын Ерөнхий Газар - 120 Мянгат - Сүхбаатарын талбай чиглэлд буюу эргэлт багатай шулуун замд явуулахаар хуваарилж байна" гэж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!