Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

П.Энх-Учрал: Хүн эрдэм мэдлэг олох тусмаа альцгеймерээр өвдөх эрсдэл багасдаг

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Альцгеймер буюу тэнэгрэл өвчинд "ганцаардал" болон "Боловсролын түвшин" нөлөөлдөг болохыг Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын I клиникийн амбулаторийн эмч П.Энх-Учрал хэллээ. 

Нийгмээс тусгаарлагдаж зожиг байх тусам зөнөх эрсдэл нэмэгддэг болохыг Японы судлаачид тогтоосныг тэрбээр нэмж хэлсэн юм. 

Тэнэгрэлд нөлөөлөгч хүчин зүйлс, шалтгаан нөхцөлийн талаар түүний өгсөн ярилцлагыг тоймлон хүргэе. 



"Хордуулах нөлөө бүхий уургууд альцгеймертэй хүмүүсийн тархинд илүү их байжээ"

Олон янзын тэнэгрэл байдаг. Тэдгээрээс альцгеймер юугаар ялгаатай вэ?

Энэ төрлийн  өвчин ихэвчлэн 65-аас дээш насны хүмүүст тохиолддог. Өндөр настай хүмүүсийн тэнэгрэлд орж байгаа дийлэнх шалтгааныг альцгеймертэй холбож байгаа гэсэн үг. Гаднын ямар нэгэн нөлөө байхгүйгээр биеэ дааж өөрөө үүсдэг өвчин.

100 хувь ийм хүчин зүйлээс альцгеймер үүсэж байна гэх шалтгааныг судлан тогтоогоогүй гэж үздэг.

Орчин үед судалгаа, шинжилгээ сайжрахын хэрээр тухайн хүмүүст генийн өөрчлөлтүүд нэлээд илэрч байгаа. Альцгеймерээр өвдсөн хүмүүст түлхүү илэрдэг генүүдийг тогтоосон гэсэн үг. Улмаар хүний уураг, тархинд ямар өөрчлөлт илэрч байна вэ гэдгийг тодорхойлоход уураг тархийг хордуулах нөлөө бүхий уургууд альцгеймерээр өвдсөн хүмүүсийн тархинд илүү их байжээ.

Нэг ёсондоо уургийн нийлэгжилт их, эсвэл уургийг цэвэрлэдэг эсрэг уургуудын ажиллагаа дарангуйлагдсаны улмаас тархи илүү их хордож байгаа хэмээн үзэж буй. Гэхдээ 65-аас дээш насны хүн болгон өвдөнө гэсэн үг биш. 

 "Нийгмээс тусгаарлагдаж зожиг байх тусам зөнөхөд илүү ойртоно"

Эмнэлэгт ирж үзүүлж байгаа хүмүүсийг анзаарахад ганцаараа амьдардаг ахмад настнуудад илүү тохиолдож байна. 

Ганцаараа амьдарч байгаа ахмадуудад хүнтэй ярих зэрэг нийгмийн харилцаа нэлээд хомс.

Японд нийгмийн харилцаанд ордог, нийгмийн харилцаанд бага ордог ахмад настан хоорондыг харьцуулан судалсан байдаг. 

Нийгмийн харилцаанд бага ордог ахмад настнууд альцгеймер болон бусад тэнэгрэх өвчнөөр өвдөх эрсдэл өндөр. Нийгмийн харилцаа гэдэг зүйл хүний уураг тархины холбоосуудыг байнгын ажиллуулж байдаг хүчин зүйл. Ийм учраас нийгмийн харилцаанд орох тусам альцгеймерээс сэргийлэх чухал алхам болдог.

Нийгмээс тусгаарлагдаж "зожиг" байх тусам зөнөхөд илүү ойртоно. 

"Хүндрэх тусам сэтгэцийн өөрчлөлт давхар илэрдэг"

Альцгеймертэй хүмүүс хүндрэх тусам сэтгэцийн өөрчлөлт давхар илэрч байдаг.

Өөрөөр хэлбэл зан ааш нь зөрүүд, хүүхэд шиг, эсвэл догшин, байж ядсан, түгшсэн, айсан, сандарсан, үг хүлээж авахгүй өөрийнхөөрөө зүтгэх, цаашлаад хий юмс харж, сонсох, эргэн тойрны хүмүүсээ хардах, сэрдэх гэх мэтчилэн сэтгэцийн өөрчлөлт илэрч гарч ирдэг.

Шинж тэмдэг илрэх тусам даамжирч буйг илтгэж байгаа.

"Альцгеймрээр өвдөж, нас барсан хүмүүст задлан хийхэд ой санамж хариуцсан бүтэц хатангиршин үүргээ алдсан"

Дэлхий дахинд тэнэгрэл өвчнөөр оношлогдсон 55 сая хүн байна. Энэ тоо цаашид өсөх хандлагатай ба 2050 он гэхэд 130 сая давсан хүн тэнэгрэлээр өвчлөх тооцоо гарчээ.

Өөр нэгэн судалгаанд генийн онцлогоос гадна биеийн идэвхтэй хөдөлгөөн тогтмол хийдэг хүнийг хийдэггүй хүнтэй харьцуулахад альцгеймерээр өвдөх эрсдэл бага байдаг гэжээ.

Альцгеймер өвчин нь уураг тархины ой санамж хариуцсан бүтцэд сонгомлоор илүү их нөлөөлдөг. Альцгеймрээр өвдөж, нас барсан хүмүүст задлан хийхэд ой санамж хариуцсан бүтэц хатангиршин жижгэрээд үүргээ алдсан байдаг. Ой санамж бол альцхаймерийг илтгэх том шинж мөн.

Олон хүчин зүйлээс хамаарч альцгеймерт өртөх эрсдэлтэй. Нэг хүчин зүйл шууд нөлөөлөхгүй. 

"Биеийн хөдөлгөөн эрсдэлийг бууруулсан" 

Орчин үед яригдаж буй эмчилгээний сонирхолтой арга нь биеийн хөдөлгөөн.

Амьтдад альцгеймер үүсгэн судалсан судалгаа байдаг. Биеийн хөдөлгөөн эрчимтэй хийх тусам амьтанд альцгеймер үүсэх эрсдэл багасаж, явц нь удааширсан. 

Эрүүл амьдралын хэв маяг, эрүүл хооллолт, даралт ихсэх, судасны өөрчлөлт гарахаас сэргийлэх хэрэгтэй. Чихрийн шижин нь өөрөө альцгеймер үүсгэх эрсдэлт хүчин зүйлд ордог учраас сахараар өвдөхгүйг хичээх хэрэгтэй.

Биеийн эрүүл мэндээ маш их бодох хэрэгтэй. Мөн стрессээ зөв тайлах зэргээр оюун санааны эрүүл мэндээ хянах нь чухал. 

"Эрдэм мэдлэг олох тусам хүний уураг тархины холбоосууд ихэсдэг"

Сүүлийн үеийн судалгаанд хэрэглэж буй арга бол иог, бясалгал.

Өндөр боловсролтой тусмаа альцгеймерээр өвдөхгүй гэдгийн цаад учрыг судалсан судалгаа бий. Хүний мэдрэлийн эс бол уртасгагч залгууруудыг хооронд нь холбодогтой адил. 

Тэдгээр мэдрэлийн эс хоорондоо хэр сайн холбоос үүсгэж байна төдий чинээ "ухаантай хүн"-ий тархины үйл ажиллагаа сайн байна гэсэн үг.

Тэнэгрэлтэй хүмүүст үүсдэг гол асуудал бол холбоосууд нь алдагддаг гэсэн үг.

Унших, эрдэм мэдлэг олох тусам хүний уураг тархины холбоосууд ихсээд байдаг юм байна. Ингэх тоолонд их хэмжээний утсаар холбогдоод л байна гэсэн үг.

"Боловсрол бага" хүмүүсийн хувьд энэ утас цөөн. Альцгеймер өвчин тархийг хордуулж, холбоосуудыг устгаж байдаг. Тэгэхээр цөөхөн холбоосыг устгах, их юмыг устгах хоёрт хугацаа их орно шүү дээ.

"Бясалгал эергээр нөлөөлөгч хүчин зүйл" 

Бясалгал нь мэдрэлийн эсүүдийн холболтыг ихэсгэж өгдөг, шинэ холболтуудыг гаргаж өгдөг. Яс нь сийрэг хүний яс хурдан хугардаг шиг тархины холболт сийрэг хүн мартаж санах, зөнөхдөө амархан.

Тэнэгрэх өвчин олон төрөлтэй. 

  • Гар, хөл салганаж чичирдэг өвчин. Энэ бол тархины тэнэгрэлийн нэг хэлбэрийн эмгэг.
  • Өөрөөс үл хамааран хөдөлгөн үйл хөдлөлийн тэнэгрэл байдаг.
  • Судасны шалтгаант тэнэгрэл нь судасны хатуурлуудын улмаас үүсэж болно. 
  • Архины шалтгаант тэнэгрэл.
  • Мансууруулах бодисын шалтгаант тэнэгрэл.
  • ДОХ-ын шалтгаант тэнэгрэл зэрэг өвчний улмаас үүсэж болох олон төрлийн тэнэгрэл бий.

Тэнэгрэлийг эмчлэгдэх, үл эмчлэгдэх гэж хоёр ангилдаг хэмээн П.Энх-Учрал эмч хэллээ.