Уншиж байна ...

Хезболла анх удаа Тель-Авив руу баллистик пуужин харваж, Израил улс Ливанд цэрэг оруулахаар бэлдэж байна

Т.Давааням, ikon.mn
2024 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хезболла зэвсэгт байгууллага өчигдөр Израилийн санхүүгийн нийслэл Тель-Авив хот руу баллистик пуужин харваснаа зарлажээ.

Тус байгууллага жил орчмын өмнө Газын зурваст дайн эхэлснээс хойш анх удаагаа Израилийн нутаг дэвсгэрт баллистик пуужингаар довтолсон нь энэ юм.

Ираны дэмжлэгтэй Хезболла энэ довтолгоогоо Тель-Авив дахь Израилийн гадаад тагнуулын алба Моссадын төв байрыг устгах зорилготой гэж тайлбарлажээ.

Харин Израилийн тал уг пуужинг байндаа хүрэхээс нь өмнө амдаж устгасныг мэдээлсэн байна.

Үүний дараа Израилийн тал Ливаны нутаг дэвсгэр дэх Хезболлагийн тагнуулын албаны 60 байрлалд агаарын цохилт өгснөө зарлажээ.

“Тагнуулын мэдээлэл цуглуулах багаж хэрэгсэл, командын төвүүд, дайсны нөхцөл байдалд үнэлгээ хийхэд ашигладаг нэмэлт дэд бүтцүүдийг энэ ажиллагааны үр дүнд устгалаа” гэж Израилийн зэвсэгт хүчний мэдэгдэлд өгүүлсэн байна.

Харин хилийн нөгөө талд энэ цохилтын улмаас 51 хүн алагдаж. 220 гаруй хүн шархадсаныг Ливаны эрүүл мэндийн яам мэдээлжээ.

“Өнөөдөр өглөөнөөс хойш явуулсан янз бүрийн цохилтын улмаас нийт 51 хүн алагдаж, 223 хүн шархадлаа” гэж сайд Фирасс Абиад сэтгүүлчдэд хэлсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр Израилийн арми Ливаны нутаг дэвсгэрт томоохон агаарын довтолгоо явуулсны улмаас 558 хүн алагдсан. Энэ нь Ливаны хувьд 1975-1990 оны иргэний дайнаас хойш нэг өдрийн дотор хамгийн олон хүний амь хохирсон тохиолдол болоод байгаа.

Израилийн агаарын ажиллагаанууд эрчимжихийн зэрэгцээ Ливаны нутаг дэвсгэрт хуурай замын байлдааны ажиллагаа эхлүүлж болзошгүй гэсэн мэдээлэл тараад байна.

Тухайлбал явган цэргийн нөөц хүчний хоёр бригадаа хойд хил дээр татан төвлөрүүлснийг Израилийн арми өчигдөр мэдээлжээ.

Израилийн арми энэ долоо хоногоос хөрш Ливаны газар нутгийн өмнөд болон зүүн хэсэгт оршдог Хезболлагийн гол байрлалуудыг агаараас довтолж эхлээд байна.

Үүний улмаас дээрх бүс нутгуудаас олон зуун мянган энгийн иргэн орон гэрээ орхин дүрвэсэн юм.

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл өчигдөр Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэх хурал зарласан бол НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг Нью-Йорк хотод үргэлжилж буй ерөнхий ассамблейн чуулганд үг хэлэхдээ анхааруулжээ.

 

Эх сурвалж: AFP