Уншиж байна ...

"Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжиг шинэ найруулга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр 2024.10.04-с Улсын драмын эрдмийн театрын тайзнаа...

А.Золжаргал, iKon.mn
1 цаг 31 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

2011 онд УДЭТ-ын тайзнаа анх амилсан “Тэнгэрийн хүү” жүжиг шинэ жүжигчдийн бүрэлдэхүүн, шинэтгэсэн найруулгаар 10 дугаар сард  эргэн ирэх гэж байна.

Монголын язгуурын төрт улс болох “Хүннү” улсын эзэн Модун Шаньюйгийн түүхийг Б.Цогнэмэхийн зохиол, Н.Наранбаатарын найруулгаар үзүүлэх энэхүү жүжиг тоглогдож эхэлснээсээ хойш Монгол төрийн ёсолгооноос эхлээд үндэсний хувцасны соёлд нөлөөлж, монгол үзэгчдийн үндэсний ухамсар сэргэхэд онцгой хувь нэмэр оруулсан бүтээл билээ.

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан бүтээж байсан энэхүү жүжиг тухайн ондоо “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шилдэг жүжгийн зохиолч, шилдэг найруулагч, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг эрэгтэй жүжигчин тэргүүтэй зургаан номинацад шалгарч, гран при шагнал, оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг “Мөнгөн мод” ёслолын ажиллагааны шилдэг бүтээлийн цомыг хүртсэн юм.

зураг
 

“Тэнгэрийн хүү” жүжиг анх үзэгчдийн хүртээл болсноос хойш 13 жилийн дотор Монголын анхны төрт улс болох Хүннүгийн түүх, археологийн судалгаанд олон чухал нээлт хийгдсэн билээ. Үүнээс улбаалан Хүннүгийн түүхийн талаарх үзэгч олон нийтийн мэдлэг, ойлголт сайжран, шинэ үеийн үзэгчдэд энэ цаг үеийн тухай түүхэн бүтээлийг үзэн сонордох хэрэгцээ нэмэгдсээр буй нь жүжгийг сэргээн тавих гол шалтгаан болж байна. Жүжгийн Ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Эх орон, газар шорооны тухай бүтээл болох “Тэнгэрийн хүү” жүжгээрээ дуугарах цаг нь болсон байна” хэмээн эл жүжгийг дахин хүргэх болсон шалтгаанаа тайлбарласан юм.

Жүжгийн гол дүр Модун Шаньюйд жүжигчин Б.Шинэбаяр сонгогдсон бол Түмэн Шаньюйгийн дүрд жүжигчин М.Түвшинхүү, Могол хатны дүрд гавьяат жүжигчин Ж.Оюундарь зэрэг УДЭТ-ийн гурван үеийн уран бүтээлчид “Тэнгэрийн хүү” жүжигт оролцож байна.

Жүжигтэй холбоотой бусад нарийвчилсан мэдээлэл:

Зохион байгуулагч: Улсын драмын эрдмийн театр

Зохиолч : МЗЭ-ийн шагналт Б.Цогнэмэх

Найруулагч : Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар

Ерөнхий продюсер : УГЗ Д.Цэрэнсамбуу

Ерөнхий зураач : УГЗ Т.Ганхуяг

Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч : СТА Г.Ган-Очир

Тоглолтын төрөл: Жүжиг

Үргэлжлэх хугацаа: 180 минут

Насны ангилал: 15+

Жүжгийн дүрүүдэд :

зураг
 
Залуу жүжигчин А.Номин-Эрдэнэ. Дүр - Шива гүнж
зураг
 
МУГЖ Ж.Оюундарь. Дүр - Могол хатан
зураг
 
СТА Т.Сэргэлэн. Дүр - Арваадай хунтайж
зураг
 
СТА М.Түвшинхүү. Дүр - Түмэн Шаньюй
зураг
 
СТА Т.Хулан. Дүр - Шагэ гүнж
зураг
 
СТА Г.Отгонцэцэг. Дүр - Шунхуй хатан
зураг
 
СТА Ж.Пүрэвдорж. Дүр - Их зайран
зураг
 
Залуу жүжигчин Ц.Цэлмэг. Дүр - Бүни гүнж
зураг
 
СТА О.Гэрэлсүх. Дүр - Лүүсүү Ван

• Модун Шаньюй – СТА Б.Шинэбаяр

• Түмэн Шаньюй – СТА М.Түвшинхүү

• Могол хатан – МУГЖ Ж.Оюундарь

• Шунхуй хатан – СТА Г.Отгонцэцэг

• Лүүсүү Ван – СТА О.Гэрэлсүх

• Их зайран – СТА Ж.Пүрэвдорж

• Арваадай хун тайж – СТА Т.Сэргэлэн

• Шагэ гүнж – СТА Т.Хулан

• Шива хатан – залуу жүжигчин А.Номин-Эрдэнэ

• Аргун баатар – залуу жүжигчин И.Дашнамжил

• Бүни гүнж – залуу жүжигчин Ц.Цэлмэг

• Олны хэсэгт – залуу уран бүтээлчид болон Соёл урлагийн их сургуулийн оюутнууд

 

Тасалбар худалдан авах: https://www.ticket.mn/event/2264/