Зураг
Зураг
Индэр    
2024 оны 9 сарын 25
Зураг
iKon.mn сэтгүүлч

Бокс олимпын төрөлд үлдэх эсэхийг ирэх оны гуравдугаар сард шийднэ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-ны Дэлхийн цомын анхны тэмцээн Монголд болж байгаа. Энэ сарын 23-наас 26-ныг дуустал үргэлжлэх тус тэмцээнд 13 орны 120 гаруй боксчин өрсөлдөж байна. 

Нээлтийн арга хэмжээнд Дэлхийн Боксын Холбооны тэргүүн Борис Ван Де Хорст, ерөнхий нарийн бичгийн дарга Симон Тоулсон болон Удирдах зөвлөлийн зарим гишүүн, Монголын боксын холбооны тэргүүн В.Ганзориг, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэрдамба, Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцлоо. 

Олимпоос хасагдах эсэх дээрээ тулж буй боксыг "аврах" зорилгоор байгуулагдсан шинэ холбоонд харьяалагдах орнуудын тоо саяхан 44-т хүрсэн. Хамгийн сүүлд Япон болон Алжирын боксын холбоо шинээр элссэн юм. 

Энэ тоо 50-д хүрвэл тухайн холбоог Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүнээр бүртгэх эрх нь нээгддэг аж. 

ОУОХ-ноос Олон Улсын Боксын Холбоо (IBA)-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон ОХУ-ын иргэн Умар Кремлёвыг эсэргүүцэж байгаа тул түүний удирддаг холбооны олимп зохион байгуулах эрхийг цуцалсан. Улмаар олимпын наадмыг зохион байгуулах түр хороо байгуулагдсан юм. 

Умар Кремлёв гэж хэн бэ?

зураг
 

Өдгөө 41 настай Умар Кремлёвын жинхэнэ нэр нь Умар Лутфуллоев. Тэрбээр 2010 оноос овгоо Кремлёв болгожээ. Шалтгаан нь тодорхойгүй ч 2004 онд дээрэм, 2007 онд бүлэг гэмт хэргийн ул мөрөөс өөрийгөө холдуулах оролдлого байсан гэж таамагладаг. 

Өсвөр насандаа нэрт дасгалжуулагч Алексей Галеевийн удирдлага дор боксоор хичээллэж байгаад 19 насандаа спортоо орхисон Умар бизнесийн ертөнцөд хөл тавьсан юм.  

Улмаар 2016 оноос ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албад ажиллаж байхдаа улсынхаа боксын холбоонд удирдах албан тушаалд очжээ. Харин 2020 оны арванхоёрдугаар сарын 12-нд Олон Улсын Боксын Холбоо (IBA)-ны тэргүүнээр сонгогдсон юм. Түүнийг сонгогдсоноос хойш ОУОХ эсэргүүцэх болсон юм.

Боксын спорт хэзээнээсээ авлига, хахуулын асуудалтай өдийг хүрсэн. Тиймээс жил бүрийн олимпын чуулганаар хасагдах эсэх асуудал яригддаг. Оросын ерөнхийлөгч Владимир Путинтай ойрын хүн гэгдэх Кремлёвын үед ч шүүгч нарын будилаан их гардаг. Мөн IBA-гийн ганц ивээн тэтгэдэг компани нь Оросын төрийн мэдлийн "Газпром" байдаг. Хэдийгээр Умар 2022 онд тэдний хамтын ажиллагаа зогссон гэж мэдэгдсэн ч Их Британийн боксын холбооны тэргүүн Крис Робертсын мэдээлснээр "Газпорм" одоог хүртэл ивээн тэтгэдэг болох нь тодорхой болсон юм.

Жендэрийн маргаан

зураг
 

Өнгөрсөн оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий үеэр IBA-гаас Алжирын боксчин Имен Хелиф, Тайванийн Лин Юү Тин нарын тэмцээнд оролцох эрхийг хассан. Алжир боксчин И.Хелифийг ОХУ-ын тулаанч Азалиа Аминеваг ялж, алтан медалийн төлөө БНХАУ-ын Ян Лютэй өрсөлдөхөөр болсных нь дараа жендэрийн шалгалтад унасан гэж мэдэгдсэн билээ. 

Гэвч уг мэдэгдлийг нотлох баримт байдаггүй. Улмаар ОУОХ-ноос "Парис 2024" олимпод оролцоход ямар нэг асуудалгүй гэж үзсэнээр И.Хелиф, Л.Юү Тин нар алтан медаль хүртсэн юм. 

Харин У.Кремлёв олимпын үеэр И.Хелифтэй тулалдахаас татгалзсан Италийн боксчин Анжела Каринид олимпод алтан медаль хүртсэн тамирчинд өгөхөөр амласан 50,000 ам.долларын урамшууллаа өгөхөөр болсныг мэдэгдэж байв.

ОУОХ-ны олимпын өмнө зохион байгуулагдсан ээлжит чуулганаар У.Кремлёвын удирддаг холбоог албан ёсоор гишүүнээс хассан юм. 

Дэлхийн Боксын Холбоо байгуулагдав

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

IBA-гийн тэргүүн У.Кремлёв огцрохгүй нь тодорхой болсон үед буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-25-нд Дэлхийн Боксын Холбоо (World Boxing) анхны их хурлаа хийжээ. 26 орны төлөөлөгчид оролцсон уг хурлаар Нидерландын иргэн Борис Ван Де Хорстыг шинэ холбооны тэргүүнээр сонгосон юм. 

Түүний багт дэд ерөнхийлөгчөөр Канадын Райан О'Шеа, Их Британийн Мэтт Холт, Австралийн Дина Гликидис нар томилогдож, ерөнхий нарийн бичгийн даргаар Их Британийн иргэн Симон Тоулсон ажиллах болжээ.

Өдгөө 52 настай Борис Ван Де Хорст 2008 оноос улсынхаа боксын холбоонд бүртгэлтэй болсон. Үүнээс өмнө спортын эрүүл мэнд, үл хөдлөхийн бизнес эрхэлж байсан холланд эр 2014 оноос Нидерландын боксын холбооны тэргүүн, 2016 оноос Европын боксын холбоонд гишүүнээр ажиллажээ.

"Шинэ холбоонд бүртгэлтэй улсын тоо 50-д хүрчихвэл ОУОХ-ны гишүүн болох эрх нээгдэнэ"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн цомын тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэрдамбатай ярилцлаа.

- Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах эрхийг хэзээ авсан бэ?

- Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-д гишүүнчлэлтэй болсон анхны Ази тивийн төлөөлөл нь Монголын боксын холбоо. Тус холбооноос жилд дөрвөн удаа Дэлхийн цомын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсний эхнийх нь энэ тэмцээн болж байна. 

Манай холбооноос тус тэмцээнийг хүлээн авах боломжтойгоо өнгөрсөн хоёрдугаар сараас хойш уламжилсан. Түүнээс хойш бэлтгэл ажлаа хангасаар бодит ажил болгож буй юм.

Одоогоор уг холбоонд 44 улс нэгдээд байна. Энэ тоо 50-д хүрчихвэл олимп зохион байгуулах эрх нь нээгдэнэ.

- Боксыг олимпын төрлөөс хассан. Эргээд олимпын төрөлд багтах боломж бий юу?

- Намайг анх боксоор хичээллэж байх үед л боксыг олимпын төрлөөс хасагдана гэдэг яриа байсан. Одоогоор "Лос-Анжелес 2028" олимпын төрлөөс хасагдсан байгаа. Гэхдээ шинэ холбооны үйл ажиллагаанаас хамаарч эцсийн шийдвэрийг ирэх оны гуравдугаар сард болох олимпын чуулганаар эцсийн шийдвэр нь гарах юм. Тиймээс манайд болж буй Дэлхийн цомын анхны тэмцээн их ач холбогдолтой гэдгийг онцолъё.

Бокс бол олимпын ууган төрлүүдийн нэг. Тиймээс шинэ холбооны ачаар боксын төрөл ирэх олимпын циклд хамрагдана гэдэгт итгэлтэй байна.

- Хоёр холбооны гол ялгаа юу вэ?

- Өмнөх холбоо буюу IBA дээр шүүгчийн маргаан их гардаг. Хэт нэг талыг барьсан шийдвэр их гаргадаг байсан бол Дэлхийн боксын холбооны зохион байгуулж буй тэмцээнд ийм маргаан гараагүй. Цаашлаад хэн илүү нь ялах, шүүгчийн шийдвэрийг илүү шударга байлгах тал дээр илүү анхаарч ажиллах болов уу гэж бодож байна.  

- Ирэх арваннэгдүгээр сард боксын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн болно. Энэ тэмцээнд манай тамирчид хэрхэн оролцох вэ?

- Йорданы нийслэл Амман хотод Азийн боксын АШТ арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 12-ныг дуустал үргэлжилнэ. Энэ тэмцээнийг Азийн боксын холбоо бие дааж зохион байгуулах тул тивийн бүх орон оролцох боломжтой. Оролцох баг тамирчдын мэдүүлгийг аравдугаар сарын 20-ныг хүртэл авч буй. 

Энэ тэмцээний өмнө буюу арваннэгдүгээр сарын 23-нд Тайландын Бангкок хотод Азийн Боксын Холбооны хурал болох юм. Уг хурлаар боксын олимпын хөтөлбөрт авч үлдэхэд шаардлагатай арга хэмжээний талаар хэлэлцэнэ. 

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг