Уншиж байна ...

Оросын эргүүлийн нисэх онгоц агаарын хилийг нь гурван удаа зөрчсөнтэй холбогдуулан Японы тал эсэргүүцэл илэрхийлжээ

Т.Давааням, ikon.mn
3 цаг 45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Оросын эргүүлийн нисэх онгоц агаарын хилийг нь гурван удаа зөрчсөнтэй холбогдуулан Кремлийн эрх баригчдад дипломат шугамаар эсэргүүцэл илэрхийлснээ Япон улсын батлан хамгаалахын сайд Минорү Кихара өчигдөр мэдэгджээ.

“Оросын Ил-38 эргүүлийн нисэх онгоц Хоккайдогийн Рэбун арлын хойд хэсгээр манай агаарын хилийг гурван удаа зөрчлөө” гэж Кихара сэтгүүлчидтэй уулзахдаа мэдээлсэн байна.

Японы агаарын хүчний F-15, F-35 сөнөөгч онгоцнууд Оросын талд радио холбоогоор, гурав дахь зөрчилтийн үеэр гал тавьж анхааруулсан байна.

Үүнээс өмнө 2019 оны зургаадугаар сард Оросын Ту-95 бөмбөгдөгч онгоц өмнөд бүсийн Окинава арал, Токиогоос өмнө зүгт оршдог Изү арлуудын орчмоор Японы агаарын хилийг зөрчиж байжээ.

Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшимаса Хаяаши “Украины дайн эхэлсэн үеэс хойш Оросын зэвсэгт хүчин манай улсын газар нутгийн ойр орчимд байнга идэвхтэй байх болсон тул бид дээрх хэрэг явдлын зорилго, шалтгааны талаар ямар нэг мэдээлэл шаардахаас түдгэлзэж байна” гэж хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.

Өнгөрсөн наймдугаар сард Хятадын армийн нисэх онгоц анх удаа агаарын хил зөрчихөд нь Японы байлдааны онгоцнууд шахан гаргаж байв.

Япон улс Орос, Хятад хоёр улсын аль алинтай газар нутгийн маргаантай байдаг.

Тухайлбал Хоккайдо арал болон Камчаткийн хойгийн дунд оршдог Курилийн дөрвөн арлын харьяаллын асуудлаар Орос улстай, Дорнод Хятадын тэнгист оршдог Сенкакү арлын асуудлаар Хятад улстай газар нутгийн маргаантай юм.

Энэ сард Орос, Хятадын тэнгисийн флотын хөлгүүд Япон тэнгисийн усанд хамтарсан байлдааны сургуулилалт зохион байгуулсан нь Токиогийн эрх баригчдын санааг зовоож байгаа.

Уг сургуулилалт нь “хоёр улсын стратегийн хамтын ажиллагааг сайжруулах, аюулгүй байдалд тулгарсан заналхийллийг хамтдаа даван туулах чадварыг бэхжүүлэх зорилготой” гэж Хятадын тал мэдэгджээ.

 

Эх сурвалж: Aljazeera