Уншиж байна ...

Амиа егүүтгэх машиныг анх удаа хэрэглэхэд оролцсон хүмүүсийг Швейцарын цагдаа баривчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сайн дураар амиа егүүтгэхэд туслах зориулалттай “Sarco” машиныг анх удаа хэрэглэсэн асуудлаар хэд хэдэн хүнийг баривчлан шалгаж эхэлснээ Швейцарын цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.

Тус улсад өмнө нь уг машиныг огт ашиглаж байгаагүй юм. Харин Даваа гарагт Мерисхаузен хотод “Sarco” машинаар нэг хүн сайн дурын үндсэн дээр амиа егүүтгэсэн талаар нэгэн хуулийн фирм Шаффхаузен мужийн прокурорын газарт мэдээлжээ. Үүний дараа дээрх үйлдэл хууль ёсны дагуу хэрэгжсэн эсэхийг мөрдөн шалгах ажил эхэлсэн байна.

“Sarco” машины дотор байрлах нэг товчийг дарснаар бүхээгийн дотор тал азотын хийгээр дүүрдэг бөгөөд дотор нь суусан хүн тэр дороо унтаж, хэдхэн минутын дараа хүчилтөрөгчгүй болсны улмаас амьсгал хураадаг юм.

Дэлхийн зарим улс оронд эвтанази буюу бусдын тусламжтай амиа егүүтгэхийг зөвшөөрдөг бол Швейцарын хууль сайн дураар амиа егүүтгэхийг зөвшөөрдөг ч ингэхдээ бусдаар туслуулахыг хориглодгоороо ялгаатай.

Энэ шаардлага нь тодорхойгүй байдал үүсгэж, хуульчдын дунд маргаан дэгдээдэг. Тиймээс "Sarco" машиныг хэрэглэсэн анхны тохиолдол хууль зөрчсөн байж болзошгүй гэж прокурорууд сэжиглэж байгаа юм байна.

Нидерландад төвтэй Exit International байгууллага $1 саяын өртөгтэй “Sarco” машиныг Швейцарт анх оруулж ирсэн юм.

Швейцар нь амиа егүүтгэх хүсэлтэй гадаадын иргэдийн хүслийг биелүүлэхийг зөвшөөрдөг цорын ганц улс тул Exit International ийм хүмүүст туслах зорилгоор оруулж ирж байжээ.

АНУ-ын иргэн, эдгэршгүй хүнд өвчтэй 64 настай эмэгтэй “Sarco” машины анхны хэрэглэгч болсон байна.

Exit International байгууллагын Швейцар дахь салбарын төлөөлөгч Флориан Уиллет эмэгтэйг “амар тайван, түргэн бөгөөд нэр төртэй” амьсгал хураасныг мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press