Уншиж байна ...

"Сонгуулийн сурталчилгааны зурагт самбарыг урж, баллах зөрчил түгээмэл. Иймд ногоон бүс төслийг хэрэгжүүлж байгаа"

П.Сайнжаргал, IKON.MN
2 цаг 53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны орон нутгийн сонгуультай холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн шийдвэрлэлтийн талаар ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Саруул дараах мэдээллийг өгөв.



Тэрбээр "Маргаашаас эхлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор юунд анхаарах талаар мэдээлэл өгье.

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа УИХ-ын сонгуулийн сурталчилгаанаас юугаар ялгаатай вэ?

УИХ-д нэр дэвшигчдийн нэгдсэн самбарыг байршуулж байсан бол орон нутгийн сонгуульд тухайн нэр дэвшигч өөрөө сурталчилгааны зурагт самбар байршуулдаг болсон.

2016, 2020 оны сонгуульд гудамж, талбайд сурталчилгааны зурагт самбар байршуулж байсан. Энэ самбарыг маргаашаас орон нутгийн сонгуульд байршуулна.

Самбар байршуулах байршлыг аймаг, дүүргийн хурлаас тогтоож өгсөн байгаа. Сурталчилгааны зурагт самбарыг урж гэмтээх, баллаж сохлох, эвдэж сүйтгэх зөрчлүүд үйлдэгдэх хандлагатай байдаг.

Цагдаагийн байгууллагын зүгээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор ногоон бүс төслийг хэрэгжүүлж байгаа.

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, байгууллага, ААН-үүдийг камержуулах ажил, арга хэмжээг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна.

Сурталчилгааны самбарыг байршуулахдаа тухайн аймаг, дүүргийн хурлаас тогтоож өгсөн, зөвшөөрөгдсөн газарт хяналтын камерын тусгал бүхий газарт сурталчилгааны самбарыг байршуулж, өөрсдийн эд хөрөнгийг хамгаалахыг зөвлөж буй" гэлээ. 

Сурталчилгааны өдрүүдэд ямар үйлдлүүдийг хориглох вэ?

  • Сонгогчдын саналыг татах зорилгоор олон нийтийг хамарсан ажил, арга хэмжээ зохион байгуулахыг хориглодог.
  • Бэлэг, үзвэр үйлчилгээг хөнгөлөлттэй, үнэ төлбөргүй явуулахыг хориглох зэргээр хуульчилсан.
  • Сонгуулийн санал авах өдөр олон нийтийн ажил, арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно.
  • Архи, согтууруулах ундааны зүйлийг хориглоно.

Зөрчлийг дан ганц цагдаагийн байгууллага биш, 64 төрлийн байгууллага явуулдаг. Сонгуультай холбоотой хууль тогтоомжийг Харилцаа холбооны зохицуулах газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар гэх мэтчилэн олон байгууллага шалгадаг.

Сонгуультай холбоотойгоор сурталчилгааны хугацаа эхлээгүй байхад хууль бус сурталчилгаа явуулж байгаа талаарх зөрчил зонхилж байгааг Цагдаагийн хошууч Э.Саруул ярилаа.