Азийн Хөгжлийн Банкнаас "Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв 2024" тайлангаа танилцууллаа.
Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин “Ази Номхон далайн бүсийн хувьд энэ жилийн эхний хагаст эрэлт өндөр, экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор өсөлт сайн байлаа. Дээрээс нь хиймэл оюун ухаан болон хагас дамжуулагчийн салбар гүйцэтгэл сайтай байснаар эрэлтэд эерэг нөлөө үзүүлсэн.
Монголын хувьд эдийн засгийн өсөлтийг өмнө нь тооцоолсноос арай өндөр байна гэдэг шинэчилсэн тооцоолол хийсэн. Энэ нь оны эхний хагасыг өмнөх жилийнхтэй харьцуулахад нүүрсний экспорт 37 хувиар нэмэгдсэнтэй холбоотой. Үүнээс үүдэлтэйгээр төсвийн орлого нэмэгдсэн, тээврийн салбарыг дэмжиж өгсөн.
2025 онд уул уурхайн салбар тэлэлттэй байх төлөвтэй байна. Хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн өвөл, хаврынхаас сэргэх төлөвтэй.
Монгол Улсын эдийн засаг цаашид тэлэлттэй байна гэдэг нь сайн мэдээ юм. Гэхдээ энэ боломжийг ашиглаад ирээдүйн цочролд бэлдэх, түүнд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, эдийн засгаа төрөлжүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй юм.
Азийн Хөгжлийн Банкны хувьд 2025-2028 оны хооронд Монгол Улсын газартай хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө гаргаж байгаа. Ингэхдээ гурван чиглэлд анхаарна. Үүнд:
Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Мариа Карина Тинио Монгол Улсын эдийн засгийн төлөвийг танилцууллаа.
Тэрбээр “АХБ-наас 2024 онд хийсэн тооцооллоор эхний хагаст гарсан гүйцэтгэл дээр үндэслээд өсөлт арай өндөр байна гэж дүгнэсэн. 2025 оны өсөлтийн таамаглал өөрчлөгдөөгүй байгаа.
Инфляцын хувьд 2024 оны таамаглал буурсан. Энэ оны эхний хагас жилийн үзүүлэлт дээр үндэслээд 2025 оны инфляцын таамаглал өссөн байгаа.
Монгол Улсын 2024 оны эхний хагас жилд гарсан эдийн засгийн өөрчлөлтөөс харахад 5.6 хувийн өсөлттэй байна. Энэ дотор тээврийн үйлчилгээний салбарын өсөлт хамгийн өндөр буюу 7.6 хувиар өссөн. Эсрэгээрээ дээрх хугацаанд хөдөө аж ахуйн салбарын өсөлт 20 гаруй хувиар буурсан нь зудтай холбоотой. Гэхдээ бусад салбарын өсөлт энэхүү агшилтыг нөхөж байгаа.
Мөн БНХАУ-ын коксжих нүүрсний эрэлт тогтвортой байгаа нь уул уурхайн салбарын өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна.
Түүнчлэн Засгийн газрын зарлагын өсөлтөөс шалтгаалан хэрэглээ өндөр байна гэж бид харж байгаа. Төсвийн зарлагын өмнө нь тооцоолж байснаас 11 хувиар нэмэгдэнэ гэж үзсэн.
Уул уурхайн салбарын эдийн засгийн өсөлт 2025 онд үргэлжилнэ гэж тооцоолж байгаа. Жишээ нь, Оюутолгойн үйлдвэрлэл нэлээд нэмэгдэнэ. Үүнийг дагаад уул уурхайг дагасан үйлчилгээний салбар тэлнэ. Үүнээс гадна ирэх онд хөдөө аж ахуйн салбар сэргэнэ гэж үзэж байгаа.
Засгийн газрын зарлага нэмэгдэж байгаа нь 2025 онд ч нөлөөгөө үзүүлсэн хэвээр байх төлөв харагдаж байна.
Төсвийн ашгийн тухайд 2024 оны эхний хагаст ДНБ-ий 5.5 хувьтай тэнцэж байгаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6 гаруй хувиар өндөр байгаа.
Эрчим хүчний тариф энэ оны эцсээр нэмэгдэх магадлалтай байна. Үүнтэй холбоотойгоор үнийн дарамт нэмэгдэнэ.
2025 онд инфляцыг 7.2 хувь байна гэж шинэчлэн тооцоолсон. Энэ оны дөрөвдүгээр сард хийсэн 6.8 хувиас өссөн үзүүлэлт юм. Эдийн засгийн хурдацтай өсөлт, Засгийн газрын зарлага нэмэгдсэнээс дотоодын эрэлт өсөх хандлагатай байна. Энэ нь 2025 онд инфляцыг ялимгүй нэмнэ.
Үүнээс гадна геополитикийн хурцадмал байдал Монгол Улсад сөргөөр нөлөөлөх магадлалтай. Хятад, америкийн худалдааны хурцадмал байдал гэх мэтчилэн.
Мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цочрол үүсвэл хөдөө аж ахуйн салбарт нөлөөлж, төсвийн зарлагад өөрчлөлт орсноор эдийн засагт нөлөөлнө гэж харж байгаа” гэдэг мэдээлэл өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!