Уншиж байна ...

П.Баттөр: Эрдэнэтийн ДЦС-ын удирдлагууд хуулийг үл тоож байна

Т.Цэлмэг, IKON.MN
2 цаг 56 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц (ДЦС)-ын удирдлагууд албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон. Компани болон ажилчдад хохирол учруулж байгаа тухай Эрдэнэтийн ДЦС-ын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дарга П.Баттөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдөр мэдээлэл хийж буй гол шалтгаан нь Эрдэнэтийн ДЦС-ын гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэ, Санхүү бүртгэл, Эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Б.Зулцэцэг нар нь хууль зөрчин ажилчдын хөлсийг дутуу бодож байгаа болон нийт ажилчдын цалинг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэх байсан ч нөхөн олгохгүй явсаар өдийг хүрлээ.

Цалинг нөхөн олгох шийдвэрийг Орхон аймгийн анхан шатны шүүхээс гаргасан ч өдийг хүртэл шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн байдалтай байна.

Тухайлбал ээлжийн ажилчдын 243 хүний шөнийн нэмэгдлийг өгөөгүй. Улсын байцаагчийн дүгнэлтээр 950 сая төгрөгийн нэмэгдэл өгөх ёстойг тогтоосон. Хоёр шатны шүүхээр энэ нэмэгдлийг өгөх ёстой гэсэн шийдвэр гаргасан ч өдийг хүртэл биелүүлээгүй.

Мөн Эрдэнэтийн ДЦС нь 465 ажилтантай. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цалинг 10 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Манай Үйлдвэрчний Эвлэлээс хоёр шатны шүүхэд хандсан. Шүүхээс цалингийн нэмэгдлийг олго гэсэн шийдвэр гарсан ч Дээд шүүхэд гомдол гаргасан явж байна.

Түүнчлэн өнгөрсөн жил Эрдэнэтийн ДЦС-ын санхүүгийн тайланд аудит хийхэд 1.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс 25.6 сая төгрөгийн таван төлбөрийн акт тогтоож, 28.3 сая төгрөгийн нэг албан шаардлага, 1.1 тэрбум төгрөгийн долоон зөвлөмж тогтоосон байхад Эрчим хүчний яамны зүгээс ямар ч хариуцлага тооцолгүй өнөөдрийг хүрсэн тул шаардлага хүргүүлж байна.

Хамтын гэрээний дагуу цалин хөлсний нэмэгдэл өгдөггүй, удирдлагууд нь хууль дүрмийн дагуу шаардлага тавьсан хүнийг дарамталдаг, цалин хөлсийг нь хасдаг асуудал гаарлаа.

Ерөнхий нягтлан бодогч болох Б.Зулцэцэг нь эрх мэдэл албан тушаалаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгох замаар жилийн эцсийн шагнал, удаан ажилласны урамшуулал авсныг гурван шатны шүүхээр эцэслэн тогтоосон атал яамны зүгээс ямар ч арга хэмжээ авсангүй.

Ингээд ч зогсохгүй ДЦС-д огт ажилладаггүй хүнийг цалинжуулж, компанид их хэмжээний хохирол учруулдаг үйлдлүүд одоо ч гарсаар байна. Энэ хэрэг дээр нь Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т хандсан, хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа нээгээд мөрдөн байцаах ажиллагаа явагдаж эхэлсэн. 

Дээрх хоёр хүнд хариуцлага тооцож өгөхийг Эрчим Хүчний яамны сайдаас шаардсан. Энэ шаардлагын дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх Эрдэнэтийн ДЦС-ын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга н.Батзоригт шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагад онцгой гэрээ бүхий нөхцөлийг зөрчсөн учраас гэрээг нь цуцлахыг даалгавар болгосон ч өнөөдрийг хүртэл хийсэнгүй.  

Тийм учраас энэ асуудалд Монгол Улсын Засгийн газар, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг онцгой анхаараасай гэж хүсэж байна. Энэ авлига, албан тушаалын хэрэг чинь хэрээс хэтэрлээ. Эдгээр хүмүүс хуулийг үл тоож байна" гэсэн юм.