Уншиж байна ...

Их Британийн ерөнхий сайдын хэл халтирч, Газын зурваст барьцаалагдсан хүмүүсийг “зайдаснууд” гэж нэрлэв

Т.Давааням, ikon.mn
2 цаг 42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Газын зурваст өрнөж буй дайныг яриа хэлэлцээний замаар зогсоохыг уриалахдаа Их Британийн ерөнхий сайд Хамас зэвсэгт байгууллагад барьцаалагдсан иргэдийг “зайдаснууд” хэмээн нэрлэсэн нь өчигдөр дуулиан тарьжээ.

Ливерпүүл хотод Хөдөлмөрийн Намын чуулганд үг хэлэх үеэрээ ерөнхий сайд Кир Стармерын хэл халтирч, “барьцаалагдагсад” (hostages) гэсэн үгийг “зайдаснууд” (sausages) гэж сольж хэлсэн юм.

“Газад нэн даруй гал зогсоож, зайдаснуудыг суллахыг би уриалж байна” гэж Стармер хэлжээ.

Дараа нь тэр даруй “барьцаалагдагсад” хэмээн засаж хэлсэн юм.

“Бас Палестины улсыг хүлээн зөвшөөрч, Израильтай энх тайвнаар зэрэгцэн орших "хоёр улс" шийдлийг би дэмжиж байна” гэж Стармер цааш нь хэлжээ.

Стармерын ярианы дүрс бичлэг тэр дороо Х сошиал сүлжээнд хүчтэй тарж, Мягмар гарагийн орой гэхэд тус платформын хамгийн их хуваалцсан контентуудын хоёрдугаарт жагссан байна.

Британийн хэвлэлүүд Стармерын алдааг янз бүрээр дүгнэн бичжээ.

Тухайлбал зүүний жигүүрийн нийтлэлийн бодлоготой “The Guardian” сонин түүний алдааг “хэл халтирсан” гэж тайлбарласан бол барууны чиг баримжаатай ”Daily Mail” сонин “санаатай алдаа” гэж шүүмжилсэн байна.

Бараг нэг жилийн өмнө Хамасын зэвсэгт жигүүр Израилийн нутаг дэвсгэрт халдахдаа 251 хүнийг барьцаалсны 97 нь одоо болтол Газын зурваст хоригдож байгаа гэж үздэг. Өөр 33 барьцааны хүнийг үхсэнд тооцож, бусдыг нь түр гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд чөлөөлөөд байна.

 

Эх сурвалж: AFP