Уншиж байна ...

МОНГОЛБАНКНЫ АЖЛЫГ ДЭЛХИЙ ИНГЭЖ ҮНЭЛЭВ

ikon.mn
2024 оны 9 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийд нэр хүндтэй Global Finance сэтгүүл саяхан нийтэлсэн “Central Banker Report Cards-2024” тайланд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн A- үнэлгээ авлаа. Энэ нь дэлхийн 100 гаруй Төв банкны тэргүүнүүдээс шилдэг 25-д буюу A+, A болон A- үнэлгээ авсан Төв банкны Ерөнхийлөгч нарын нэгээр тодорсон гэсэн үг. A- үнэлгээ авсан Төв банкны тэргүүнүүдийн дунд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс гадна АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэл, Европын холбооны Төв банкны тэргүүн Кристин Лагарде, Норвеги, Канад, Шведийн Төв банкны удирдлагууд багтжээ.

зураг
 

Global Finance сэтгүүл нь 1987 онд үүсгэн байгуулагдсан, АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй бөгөөд дэлхийн 180 гаруй улсад хэвлэгддэг, санхүүгийн зах зээлийн мэдээ, мэдээллийг хүргэдэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалж болдог. Энэ утгаараа Монголбанкны удирдлага, хэрэгжүүлж буй мөнгөний бодлогын үйл ажиллагаа, үр дүнтэй байдал олон улсад ийнхүү анх удаа өндөр зэрэглэлд үнэлэгдлээ.

2024 оны тайланд Төв банкнуудын 2023 оны үйл ажиллагааны үр дүнг авч үзсэн байна. Дэлхийн Төв банкнууд 2022 оноос хойш ковид-19 цар тахал, мөн геополитикийн хурцадмал нөхцөл байдал зэргээс үүдэлтэй өндөр инфляцтай нүүр тулж буй. Монголбанк ч энэхүү сорилтын гадна байгаагүй бөгөөд 2022 оны 6 дугаар сард 16.9 хувьд хүрээд байсан инфляцыг 2023 оны оны эцэс гэхэд нэг оронтой тоонд хүргэж чадсан. Мөн 2024 оны эхний хагас жил гэхэд 4.8 хувьд хүргэж, үндсэн зорилтынхоо доод интервалд хүргэсэн билээ. 

зураг
 

Global Finance сэтгүүлийн хувьд дээрх тайланг гаргахдаа Төв банкнуудыг үндсэн зорилоо биелүүлсэн байдал, үндэсний валютын ханшийн тогтвортой байдлыг хангасан байдал, бие даасан хараат бус байдал, банк, санхүүгийн системийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийн зорилтоо хэрхэн биелүүлж буйг авч авч үздэг. Ингэхдээ Global Finance сэтгүүлийн мэргэжлийн шинжээч, редакторууд болон хөндлөнгийн судлаач, эдийн засагчдын үнэлгээ, санхүүгийн салбарын тоон мэдээлэлд үндэслэн тодорхой алгоритмын дагуу үнэлгээ хийдэг байна.

Тэгвэл Монголбанк 2023-2024 онд эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, инфляцыг тогтворжуулах чиглэлд хэрхэн ажилласан бэ?

Инфляц зорилтот түвшин рүү дөхөв

зураг
 

Дэлхий нийтээр ковид-19 цар тахлын нөлөөгөөр хөл хорио тогтоож, эдийн засгийн хямрал нүүрлэсэн. Энэ үед Төв банкнууд бодлогын хүүгээ эрс бууруулах замаар эдийн засгаа дэмжсэн бол дараа нь нийлүүлэлтийн шокоос үүдэлтэй инфляцтай тэмцэх шаардлагатай болсон билээ. Өөрөөр хэлбэл, 2022, 2023 онд дэлхий нийт өндөр инфляцтай нүүр тулсан. Монгол Улсын хувьд 2021 оны сүүлээс эрчээ авсан инфляц 2022 оны зургаадугаар сард дээд цэгтээ хүрч, 2023 оны эхэн үе гэхэд жилийн дүнгээр 12 хувьд хүрээд байв. Инфляц өсөж эхлэхтэй зэрэгцэн Монголбанк бодлогын хүүг үе шаттайгаар нэмэгдүүлсээр 6-аас 13 хувь хүргэж, өндөр түвшинд нь хадгалсаар 2023 оныг үдсэн. мөнгөний хатуу бодлогын үр нөлөө аажмаар гарч, 2023 оны эцэс гэхэд инфляц 8.6 хувь, 2024 оны эхний хагас жилийн байдлаар 4.8 хувь хүртэл буурсан юм. Үүний зэрэгцээ эдийн засгийн өсөлт мөн онд 7.2 хувьд хүрсэн нь Төв банк эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогодоо ч чамгүй анхаарсныг илтгэх бас нэгэн үзүүлэлт болж буй билээ.

Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрлээ

зураг
 

Гадаад валютын албан нөөц 2023 онд 4.9 тэрбум ам.долларт хүрч, жилийн өмнөхөөс 44 хувиар өссөн. Мөн 2024 оны эхний улирлын байдлаар 5.2 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд хүрсэн. Нөөц өсөхтэй зэрэгцээд Монголбанкны зүгээс Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтаас 2023 онд 1.5 тэрбум юань, 2024 он гарсаар 3 тэрбум юань, нийт 4.5 тэрбум төлбөрийг гүйцэтгэсэн. Ингэснээр Монголбанкны хувьд Хятадын Ардын банкны своп хэлцлийн өрийг 50 хувиар бууруулжээ. Түүнчлэн 2023 онд Засгийн газартай хамтран 800 орчим сая ам.долларын гадаад өр болон хүүгийн төлбөрийг амжилттай төлсөн. Хэдийгээр энэ хэмжээний гадаад, өр төлбөрийг барагдуулсан ч энэ оны наймдугаар сарын эцсийн байдлаар гадаад валютын албан нөөц 4.7 тэрбум ам.доллартой тэнцэж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 19.6 хувиар өссөн үзүүлэлт болж буй юм. Гадаад валютын албан нөөц хангалттай түвшинд байснаар төгрөгийн ам.доллартой харьцах ханш харьцангуй тогтвортой байж, 2023 онд ам.долларын эсрэг 2.5 хувь, 2024 оны эхний 8 сарын байдлаар 3.7 хувиар чангараад байна.

зураг
 

Банкны салбарын шинэчлэл

Дотоодын арилжааны томоохон банкнууд 2023 онд хөрөнгийн бирж дээр IPO хийж, 500 орчим тэрбум төгрөг босголоо. Ингэснээр банкны засаглал олон улсын стандартад хүрч, ил тод, нээлттэй байдал нэмэгдэж, банкнууд олон нийтийн хяналтад орсон нь дотоодын банк, санхүүгийн салбарт түүхэн шинэчлэл болсныг мэргэжилтнүүд онцолж буй. Түүнчлэн банкны салбарын шинэчлэлийг үргэлжлүүлэх хүрээнд УИХ-аас мөн онд баталсан Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн хүрээнд Монголбанкнаас холбогдох журмуудыг баталсан. Ингэснээр банкны салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, гадаадын банкны салбар, төлөөлөгчийн газар Монгол Улсад үйл ажиллагаа явуулах боломжийг илүү нээлттэй болгож өгсөн билээ. Төв банкны зүгээс банкны салбарыг ийнхүү засаглал, институцийн хувьд бэхжүүлэхэд анхаарахаас өөрсдийн хяналт, шалгалтын аргачлалаа ч олон улсын стандартад нийцүүлэхэд үргэлж анхаарч ирсэн. Энэ хүрээнд банкны салбар 2023 онд Базель стандартын Бүлэг хоёрт тусгагдсан тусгай шаардлагуудын дагуу өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын хүрэлцээний үзүүлэлтийг үнэлж эхлээд байна.

Дижитал шилжилтэд түүчээлэв

зураг
 

Монголбанк банкны салбарын статистик, мэдээллийг нэг шугам, загвараар хүлээн авах их өгөгдлийн системийг нэвтрүүлэв. Ингэснээр банкны салбараас хүлээн авдаг 70 гаруй тайлангийн нэгдсэн өгөгдлийг DAM (Data Acquisition Model) загвараар хүлээн авч эхэлжээ. Монголбанк ийнхүү их өгөгдлийн системийг нэвтрүүлснээр олон улсын Central Banking институтээс шалгаруулдаг “Fintech Regtech Global Awards”-ын “The Pioneer Award” буюу “Түүчээлэгч” шагналыг авлаа. Үүнээс гадна Монгол Улсын хувьд төлбөр тооцооны найдвартай, аюулгүй байдал, түргэн шуурхай, хэрэглэгчдэд ээлтэй байдлаар дэлхийн улс орнуудтай эн зэрэгцэж, зарим хөгжингүй орнуудын түвшнээс ч илүү гарах болсон. Монгол Улсын хэмжээнд нийт төлбөр тооцооны 93 хувь нь цахимаар болон картаар хийгдэж байна. Нийт 3.7 сая төлбөрийн карт байгаагаас 2.5 орчим сая нь идэвхтэй хэрэглээтэй гэх статистик бий.

Монголбанкны зүгээс үндэсний брэнд Т картын хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс 2023 онд төлбөрийн Токен үйлчилгээний системийг нэвтрүүлснээр иргэд картаа гар утсандаа холбон, гар утсаараа төлбөр тооцоо гүйцэтгэх боломжтой болсон. Мөн Т картыг олон улсын зах зээлд гаргах зорилгоор БНСУ, Киргиз улстай хамтран ажиллаж эхэлснээр монголчууд Т картаараа дээрх улсуудад шууд төлбөр тооцоо гүйцэтгэх боломжтой болсон билээ.

ФАТФ-ын 40 зөвлөмжийн хэрэгжилтийг бүрэн хангасан Ази, Номхон далайн анхны орон болов

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны манлайлал дор Монгол Улс олон улсын мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага ФАТФ-ын 40 зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлсэн Ази, Номхон далайн анхны, дэлхийн 5 дахь орон боллоо. Ингэснээр Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг олон улсын түвшинд хүргэж чадсаныг олон улсад баталгаажуулав. Global Finance сэтгүүлийн хувьд “Central Banker Report Cards” тайланг 1994 оноос хойш жил бүр нийтэлж буй бөгөөд дэлхийн улсуудын Төв банкнуудын Ерөнхийлөгч нарыг хамгийн багадаа нэг жил ажилласан байх шалгуурыг тавьж, A-ээс F хүртэл үнэлгээ тавьдаг. Хамгийн шилдэг 25 нь A+, A, A- ангилалд багтдаг бол хамгийн хангалтгүй ажилласан төв банкирууд F ангилалд багтдаг аж.

Дашрамд дурдахад, Global Finance сэтгүүл нь дэлхий даяар банкнууд болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдийн дундаас олон төрөл, хэлбэрээр шилдгүүдийг шалгаруулж өргөмжилдөг бөгөөд эдгээр нь дэлхийн санхүүгийн зах зээлд итгэмжлэгдсэн, шилдэг стандарт болон хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.