Уншиж байна ...

Зеленский: Дайн дуусгах тохиролцоог Оросоор хүчээр зөвшөөрүүлэхээс өөр арга байхгүй

Т.Давааням, ikon.mn
3 цаг 45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Нью-Йорк хотод НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн тусгай хуралдаан зохион байгуулагдаж, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский оролцжээ.

Тэрбээр НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцохоос гадна хоёр жил, хагас орчим хугацаанд үргэлжилж буй Оросын эзлэн түрэмгийлэх дайныг дуусгах төлөвлөгөөгөө АНУ-ын засаг захиргаанд танилцуулахаар ирээд байгаа юм.

“Хэзээ нэг цагт энэ танхимд Украины эсрэг Оросын эзлэн түрэмгийлэх дайн царцах биш, завсарлах биш, мартагдах биш, жинхэнээсээ дууссан тухай ярих байх. Гэхдээ ийм үр дүнд хүрэхийн тулд хэн нэг нь дайнаас залхах, хэн нэг нь Путинтэй наймаалцах ёсгүй. Зөвхөн НҮБ-ын дүрэм хэрэгжсэний үр дүнд Украины эсрэг Оросын дайн дуусах ёстой” гэж Зеленский энэ үеэр хэлжээ.

Өөрөөр хэлбэл тэр Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал бүрэн хангагдсан цагт дайн зогсох ёстойг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн орнуудад сануулсан байна.

“Дэлхийн зарим хүмүүс Путинтэй ярилцахыг хүсэж байгааг бид мэднэ. Гэхдээ тэд түүнээс юу сонсох бол? Бид ард түмнээ хамгаалах эрхээ эдэлж буйд бухимдаж байгааг нь сонсох уу? Эсвэл дайнаа үргэлжлүүлэхийг хүсэж, үүнийг нь хэн ч буруутгахгүй байхыг хүсэж байгааг сонсох уу? Энэ бол солиорол юм. Путин олон улсын дүрэм журам, хэм хэмжээг олон удаа зөрчиж байгаа. Тэр өөрийн хүслээр зогсохгүй. Оросоор энхийн гэрээг зөвхөн хүчээр зөвшөөрүүлэхээс өөр арга байхгүй” гэж Зеленский цааш нь мэдэгджээ.

Тэрбээр маргааш буюу Пүрэв гарагт Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзах юм.

Зеленский өчигдөр бас Украинд энх тайван тогтоох асуудлаар олон улсын хоёр дахь чуулганыг зохион байгуулах талаар, үүнд Хятад, Энэтхэг улсуудыг урьж байгаагаа мэдэгджээ.

Энэ үеэр Хятадын гадаад хэргийн сайд Ван И үг хэлэхдээ дипломат яриа хэлэлцээний арга замыг хэрэглэх шахалт сүүлийн үед нэмэгдэж байгааг сайшаасан байна.

“Украины хямралыг шийдвэрлэх цорын ганц арга зам бол яриа хэлэлцээ юм. Хэрвээ уг боломжийг ашиглахгүй бол өдрөөс өдөрт хямрал улам бүр гүнзгийрэх болно” гэж тэр хэлжээ.

Ингэхдээ Ван И бас Хятад улс үргэлж энхийн төлөө байсаар ирснийг “Хятад улс бол Украины хямралыг үүсгэгч биш, оролцогч  ч биш” гэсэн үгээр илэрхийлсэн байна.

Гэвч АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен түүний дараа үг хэлэхдээ Хятад улс иргэний зориулалттай электрон тоног төхөөрөмж, машин техникийг экспортлох замаар Оросын зэвсгийн хүчийг нэмэгдүүлж байгааг шүүмжилжээ.

Үүний хариуд Украиныг АНУ адилхан зэвсэглэж байгаа гэх Хятадын гадаад хэргийн сайдын шүүмжийг тэр няцаасан байна.

“Үүнд гүнзгий ялгаа бий. Орос бол түрэмгийлэгч улс. Украин бол хохирогч” гэж Блинкен хэлжээ.

Тэрбээр ОХУ-д зэр зэвсэг нийлүүлж буй Умард Солонгос, Иран улсуудын эсрэг шийтгэлийн арга хэмжээ авахыг НҮБ-д уриалсан юм.

“Тегеран болон Пёняны дэмжлэг Украины гэм зэмгүй ард иргэд, хүүхдүүдийг хядах, сүйрэл, зовлон зүдгүүрт унагахад нь Путинд тусалж байгаа юм” гэж Блинкен ингэхдээ мэдэгджээ.

Энэ хоёр улсын талаар Зеленский хэлэхдээ “Орос улс Европ дахь цуст дайндаа Иран, Умард Солонгосыг хамсаатнаа болгож, зэвсгээр нь украинчуудыг устгах хууль ёсны ямар ч шалтгаан байхгүй” гэсэн байна.

Даваа гарагт НҮБ-ын чуулганд үг хэлэхдээ Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян тус улсаас ОХУ-д зэвсэг нийлүүлснийг эрс няцааж байв.

 

Эх сурвалж: BBC