Америкийн автомашин үйлдвэрлэлийн гол төлөөлөгч Ford компанийн гүйцэтгэх захирал Жим Фарли, санхүү эрхэлсэн дэд захирал Жон Лоулер нар өнгөрсөн онд Хятадад зочлохдоо тус улсын цахилгаан автомашины хөгжилтэй танилцсан тухай түүхийг The Wall Street Journal сонин саяхан олж мэдээлжээ.
Тэд 2023 оны эхээр Хятадад очихдоо Changan Automobile компанийн цахилгаан хөдөлгүүртэй SUV загварын автомашиныг туршихаар шийдсэн юм байна.
Фарли жолоо барьж, Лоулер хажууд нь сууж туршсаныхаа дараа тэд Хятадын үйлдвэрлэгчийн автомашины зөөлөн, дуу чимээгүй явдлыг гайхан биширч байжээ.
“Жим, ийм юм өмнө нь үзэж байсангүй. Тэд биднээс түрүүлчихжээ” гэж Лоулер Фарлид хэлснийг WSJ мэдээлсэн байна.
Фарли дараа нь тавдугаар сард Хятадад дахин очоод айдас нь улам нэмэгдсэн гэнэ.
Тэрбээр буцаж ирснийхээ дараа Ford компанийн удирдах зөвлөлийн гишүүн, Goldman Sachs банкны захирал асан Жон Торнтонд “Жон, энэ бол бидний оршин тогтнох эсэхийг шийдэх хэмжээний аюул шүү” гэж хэлж байжээ.
Хятадын цахилгаан автомашины салбар эрчтэй хөгжиж, дэлхийн хөгжиж буй орнуудын зах зээлийг эзэлж эхлээд байгаа.
Энэ оны эхний улирлын байдлаар Бразилын цахилгаан автомашины зах зээлийн 88 хувь, Тайландын зах зээлийн 70 хувийг Хятадын үйлдвэрлэгчид эзэлж буйг ABI Research компанийн гаргасан тоо баримт харуулж байна.
Өрнөдийн орнууд Хятадын энэ түрэлтээс зах зээлээ хамгаалах арга хэмжээ авч эхлээд байгаа.
Энэ оны тавдугаар сард АНУ-ын засаг захиргаа Хятадын цахилгаан хөдөлгүүрт автомашинд импортын өндөр татвар оноосон.
Европын Холбоо бас ижил арга хэмжээ аваад байгаа. Канадын засгийн газар өнгөрсөн сард Хятадын цахилгаан автомашинуудад 100 хувийн импортын татвар оноох шийдвэр гаргасан юм.
Америкийн цахилгаан автомашины зах зээлийн тэргүүлэгч Тесла компани хүртэл Хятадын үйлдвэрлэгчдийн зүгээс ширүүн өрсөлдөөнтэй тулгараад байна.
2023 оны сүүлээр Хятадын BYD компани дэлхийн тэргүүлэгч цахилгаан автомашин үйлдвэрлэгчийн титмийг Тесла компаниас хэсэг хугацаанд булааж чадсан юм.
Энэ оны нэгдүгээр сард болсон Теслагийн санхүүгийн тайлангийн хурал дээр тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск энэ байдлыг хүлээн зөвшөөрч, Хятадын үйлдвэрлэгчдийг “дэлхийн хэмжээнд хамгийн хүчтэй өрсөлдөгчид” гэж нэрлэж байв.
“Хэрвээ худалдааны хориг тавихгүй л бол тэд дэлхийн ихэнх автомашин үйлдвэрлэгчдийг сүйрүүлнэ” гэж Маск тухайн үед хөрөнгө оруулагчдадаа хэлж байжээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!