Уншиж байна ...

Япон улсын 100-аас дээш настай иргэдийн тоо 95,000 давжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 8 цаг 38 минут
iKon.MN
Зураг зураг

Япон улсад 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо 95,000 давсныг өчигдөр тус улсын засгийн газраас нийтэлсэн тоо баримт харуулжээ.

Тодруулбал есдүгээр сарын 1-ний байдлаар 95,119 зуу давсан настан амьдарч байгаа нь жилийн өмнөхөөс 2,980-аар өссөн үзүүлэлт болохыг Японы эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.

Тэдгээрийн бараг 90 хувь буюу 83,958 нь эмэгтэй, үлдсэн 11,161 нь эрэгтэй байжээ.

Японд 65-аас дээш настай иргэдийн тоо 36.25 саяд хүрснийг засгийн газрын өөр нэг яамны Ням гарагт гаргасан тоо баримт харуулсан юм.

Энэ нь тус улсын хүн амын 29.3 хувь болж байгаа бөгөөд дэлхийн аль ч улс оронд байхгүй өндөр хувь хэмжээ юм байна.

Одоо Японд дэлхийн хамгийн өндөр настай хүн амьдарч байгаа нь 1908 оны тавдугаар сарын 23-нд төрсөн 116 настай Томико Итоока юм.

Өмнөх дэлхийн хамгийн өндөр настанд тооцогдож байсан Испани улсын иргэн Мариа Браниас Морера өнгөрсөн сард 117 насандаа таалал төгссөн.

Япон улсын хүн ам хөгширч, төрөлт буурч байгаа нь ноцтой асуудал болоод байгаа.

Хамгийн сүүлийн тооллогоор тус улсад 124 сая хүн тоологдсон нь өмнөх тооллогын үр дүнгээс 595,000 хүнээр буурсан үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: AFP