Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ливан даяар Хезболлагийн радио станцууд дэлбэрсний улмаас 20 хүн алагдлаа

Т.Давааням, ikon.mn
2024 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Хезболла зэвсэгт байгууллагын гишүүдийн хэрэглэдэг радио станцууд (walkie-talkie) Ливаны өмнөд бүс, Бейрут хотын зах, Бекаа хөндий зэрэг газруудад зэрэг дэлбэрсний улмаас 20 хүн алагдаж, 450 хүн шархаджээ.

Өмнөх өдөр нь Ливан даяар Хезболлагийн гишүүдийн ашигладаг пэйжерүүд дэлбэрэхэд 12 хүний амь үрэгдэж, 3,000 орчим хүн шархадсан юм.

Радио станцуудын нэг нь өмнөх өдрийн дэлбэрэлтээс амь үрэгдсэн Хезболлагийн гишүүдийн оршуулгын арга хэмжээний үеэр дэлбэрсэн байна.

Ливаны Улаан Загалмайн нийгэмлэг дэлбэрэлт болсон газруудад түргэн тусламжийн 30 автомашин илгээснээ Х хуудсандаа мэдээлжээ.

Хезболла болон Ливан улсын эрх баригчид уг халдлагад Израилийг буруутгаж байгаа. Харин Израилийн тал одоогоор энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

зураг
 

Пэйжерийн дэлбэрэлтийн хариуд өчигдөр Хезболла пуужингаар Израилийн армийн их бууны байрлалуудад довтолсноо мэдээлжээ.

Израилийн батлан хамгаалахын сайд Йоав Галант одоо дайны төв цэг хойд чиглэлд буюу Ливаны хил рүү шилжиж, тэнд цэрэг, зэвсгийн хүчээ төвлөрүүлж байгаа тухай өчигдөр мэдэгдсэн юм.

“Бид дайны шинэ үе шатыг эхлүүлж байна. Энэ нь биднээс эр зориг, шийдэмгий байдал, тэсвэр тэвчээр шаардах болно” гэж тэр нэгэн агаарын баазад зочлох үеэрээ хэлжээ.

Дэлбэрсэн радио станцын дотор талаас “Японд үйлдвэрлэв”, “ICOM” гэсэн үгс харагдаж байгаа юм.

ICOM нь Японы радио холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компани ажээ.

Тус компани Хезболлагийн хэрэглэж байгаа IC-V82 гар станцыг 2014 оноос эхлэн үйлдвэрлэхээ зогсоосон юм байна. ICOM одоогоор Ливанд болсон үйл явдлын талаар мэдэгдэл гаргаагүй байна.

Ливаны аюулаас хамгаалах албаны эх сурвалжийн мэдээлснээр Хезболла дээрх станцуудыг пэйжерүүдийн хамт таван сарын өмнө худалдан авсан гэнэ.

Хилийн чанадад нууц ажиллагаа явуулдгаараа алдартай Израилийн Моссад тусгай алба Хезболлаг импортлохоос өмнө эдгээр төхөөрөмжүүдэд тэсрэх бөмбөг суурилуулсан байж болзошгүйг Ливаны аюулаас хамгаалах албаны эх сурвалж тайлбарлажээ.

НҮБ-ын Хүний Эрхийн Хорооны дарга Фолькер Тюрк пэйжерүүд дэлбэрсэн үйл явдлыг хараат бус байгууллагаар мөрдөн шалгуулахыг өчигдөр талуудад уриалсан байна.

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Баасан гарагт энэ асуудлыг хэлэлцэхээр болжээ. Арабын орнуудыг төлөөлж Алжир улс уг хурлыг санаачилсан тухай зөвлөлийг энэ есдүгээр сард даргалж байгаа Словени улсын төлөөлөгч Самуэл Збогар мэдээлсэн байна.

Өчигдөр бас Тайванийн пэйжер үйлдвэрлэгч Gold Apollo компани Хезболлагийн төхөөрөмжүүдийг үйлдвэрлээгүйгээ мэдэгдсэн юм.

Тус компанийн лицензээр Унгарын BAC нэртэй компани дэлбэрсэн пэйжерүүдийг үйлдвэрлэсэн гэнэ.

Харин Унгарын засгийн газар BAC-ийг дундын зуучлан борлуулагч компани, эх орондоо ямар нэг үйлдвэрлэл явуулдаггүйг мэдэгджээ.

Ираны дэглэмийн холбоотон Хезболла зэвсэгт байгууллага Израилийн тагнуулын албадын хараа хяналтаас зайлсхийхийн тулд гар утасны оронд хуучны технологи болох пэйжерийг дотоод харилцаа холбоондоо ашиглаж эхлээд удаагүй байсан юм.

 

Эх сурвалж: Reuters