Уншиж байна ...

Ц.Туваан: Байгаль орчинтой холбоотой асуудал хурцаар тавигдсан учраас "Ачит Ихт" ХХК-ийн үйл ажиллагааг явуулахаар шийдвэрлэсэн

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 9 сарын 19
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хуулийн байгууллагын зүгээс "Ачит Ихт" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, Засгийн газраас өгсөн үүргийн дагуу "Эрдэнэт үйлдвэр" 34 хувьд ногдох ашгийг тус компаниас нэхэмжлээд буй.  

Гэтэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Ачит Ихт" ХХК-ийн үйл үргэлжлүүлэн явуулах шийдвэр гаргажээ. Энэ талаар Ц.Туваан сайдаас тодруулахад дараах тайлбарыг өгөв. 

Тэрбээр "Энэ асуудал шийдэгдсэн. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд шийдэх үүргийг надад өгсөн. Энэ дагуу шийдвэрлэсэн. Тухайн компанитай холбоотой хүхрийн хүчлийн уусмал байгальд алдагдах асуудал ноцтойгоор тулгарсан учраас Засгийн газраас яаралтай шийдвэр гаргах үүргийг өгсөн юм.

Энэ дагуу шийдвэрлэсэн асуудалд тухайн компанийн шүүхийн маргаан, 34 хувьтай холбоотой асуудал огт ороогүй. Энэ нь тусдаа үргэлжилж байгаа.

Байгаль орчинтой холбоотой асуудал хурцаар тавигдсан учраас Эрдэнэт үйлдвэрийн удирдлага болон Орхон аймгийн Засаг даргатай ярилцаж байгаад шийдсэн" гэлээ. 

Эргэн сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газрын хуралдаанаас "Ачит Ихт" ХХК-ийн 34%-д ногдох ашгийг нэхэмжилж, үүсмэл ордыг 100% эзэмших талаар судлахыг "Эрдэнэт үйлдвэр"-т үүрэг болгосон билээ. Мөн тухайн үед цагдаагийн байгууллагаас "Ачит Ихт" компанийн эзэмшилтэй холбоотой мэдээллийг ил болгож байсан юм.