Уншиж байна ...

Г.Отгонтамир: 18 нас хүрээгүй, жолоодох эрхийн А ангиллын үнэмлэхгүй хүн суррон унавал түр саатуулж, торгоно

Н.Эрхбаяр, iKon.mn
Өчигдөр 9 цаг 17 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сурроныг 18 нас хүрсэн, жолоодох эрхийн А ангиллын үнэмлэхтэй хүн унахаар болсон байна. Энэ талаар Тээврийн Цагдаагийн Албаны/ТЦА/ Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодрууллаа. 

Тэрбээр "Суррон нь техникийн үзүүлэлтээрээ механикжсан тээврийн хэрэгслийн төрөлд хамаарч байгаа. Тиймээс Авто тээврийн үндэсний төв, Хууль зүй дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий Газар, Зам тээвэр хөгжлийн яамны Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын албанаас хуралдаж, дээрх шийдвэрийг гарсан. 

Тухайлбал сурроныг улсын хилээр орж ирэхэд бүртгэлжүүлэх, улсын дугаар олгох, үзлэг оношилгоонд хамрагдуулахаар болсон. Цагдаагийн байгууллагаас 18 нас хүрсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн А ангиллын үнэмлэхтэй хүн суррон унахыг шаардана. 

Одоогоор ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд зөвлөмж, эцэг эхэд нь заавар өгөх гэх мэт нөлөөллийн арга хэмжээ явагдаж байна. Үүний дараа бага насны хүүхэд суррон унаад явж байвал цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу түр саатуулах, торгох арга хэмжээ авна. 

Нөлөөллийн арга хэмжээ нэг сарын хугацаанд явагдаж дуусна. Ихэвчлэн сургуулийн насны хүүхдүүд суррон унаж байгаа учраас мэдлэг мэдээллээр хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй байгаа" гэв.