Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск, Ларри Эллисон нар Nvidia компанийн боссоос процессор гуйхын тулд оройн зоогт урьжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хиймэл оюуны технологийн гол тархи болсон GPU буюу график процессорыг үйлдвэрлэдэг Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан өнөөдөр бизнесийн ертөнцийн хамгийн эрэлттэй хүн болоод байгаа.

Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Закербэрг нэг удаа түүнийг “технологийн салбарын Тэйлор Свифт” гэж нэрлэж байв.

Хиймэл оюуны чиглэлд ажилладаг компаниуд Nvidia компанийн бүтээгдэхүүнүүдийг олон мянгаар нь нөөцөлдөг болсноос захиалгаа дийлэхгүй байгаа.

Тэгвэл Oracle компанийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон саяхан GPU гуйхын тулд дэлхийн тэргүүн баян Илон Масктай хамт Женсен Хуаныг оройн зоогт урьсан тухайгаа ярьжээ.

зураг
 

Өнгөрсөн долоо хоногт болсон Oracle компанийн санхүүгийн тайлангийн хурлын үеэр Эллисон “Энэ оройн зоогийг Илон бид хоёр Женсенээс GPU гуйхын тулд зохион байгуулсан гэж хэлэхэд болно” гэж тайлбарласан байна.

“Бидний мөнгийг ав л даа. Та бидний мөнгийг аль болох ихээр авах хэрэгтэй байна” гэх маягаар ятгасан нь үр дүнд хүрсэн тухай Эллисон энэ үеэр хошигнон ярьжээ.

Тэрбумтан, хөрөнгө оруулагч Эллисон өнгөрсөн долоо хоногийн хурлын үеэр бас хиймэл оюуны технологийн хөгжүүлэлт ойрын жилүүдэд ямар хурдтай байх талаар өөрийн байр суурийг хуваалцсан байна. Түүний үзэж байгаагаар хиймэл оюуны загвар хөгжүүлэх, сургах чиглэлд ажилладаг компаниудын өрсөлдөөн ирэх таван жилийн хугацаанд эрс нэмэгдэж, нийт хөрөнгө оруулалт нь $100 тэрбумд хүрэх гэнэ.

Oracle компанийн хувьд өөрийн шинэ дата төвийг эрчим хүчээр хангах зорилгоор цөмийн гурван реактор ажиллуулахаар төлөвлөж байгаа ажээ. Мөн Nvidia компанийн 131,072 ширхэг Blackwell GPU-ээс бүрдэх супер компьютерыг Oracle бүтээж байгааг Эллисон мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider