Уншиж байна ...

Латви улс хэлний шалгалтад бүдэрсэн оросуудыг нутаг дэвсгэрээсээ албадан гаргаж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Латвийн засгийн газар латви хэлний шалгалтад тэнцээгүй орос үндэстнүүдийг тус улсын нутаг дэвсгэрээс албадан гаргаж эхэлсэн байна.

Зөвлөлт Холбоот Улс задарч, Латви улсыг тусгаар тогтнохоос хоёр жилийн өмнө буюу 1989 оны байдлаар 900,000 орчим орос үндэстэн тус улсад байнга оршин сууж байжээ.

Зөвлөлтийн задралын дараа тэдний зарим нь ОХУ руу нүүж, зарим нь ОХУ-ын иргэн болсон ч үргэлжлүүлэн Латвид амьдарсан юм.

Гэвч тэдний ихэнх нь латви хэл мэдэхгүй, латви соёлыг сонирхдоггүй, ихэнхдээ Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс мэдээлэл авдаг байв.

2022 оны хоёрдугаар сард Оросын цэрэг Украины нутаг дэвсгэрт халдан довтолсны дараа Латвийн парламент цагаачлалын хуулиа шинэчилж, тус улсад байнга оршин суудаг орос хүмүүст тодорхой нөхцөл тулгажээ.

Тухайлбал латви хэлний А2 түвшний буюу өдөр тутмын харилцаанд ашиглах чадварын шалгалтад тэнцээгүй бол тэдний оршин суух эрхийг сунгахгүй байхаар болсон юм.

Латвийн цагаачлалын албаны мэдээлснээр өнгөрсөн 12 сарын хугацаанд тус улсад оршин суудаг орос иргэдийн 85 хувь нь шалгалтад тэнцсэн, эсвэл латви хэл суралцаж эхэлсэн зэрэг шалтгаанаар оршин суух эрхээ тодорхой хугацаагаар сунгуулж чаджээ.

Харин шалгалтад тэнцээгүй болон огт өгөөгүй 632 хүн ОХУ руу сайн дураараа явсан бол Латвийн цагаачлалын алба шаардлага хангаагүй 63 хүнд нутаг дэвсгэрээсээ гарч явах шаардлага хүргүүлжээ.

Одоо үлдсэн мянга орчим хүнээс яагаад шалгалтад ороогүй, эсвэл сайн дураар яваагүй талаар Латвийн цагаачлалын алба тайлбар хүлээж байгаа юм байна.

Тэдний тайлбарыг хүлээж авсны дараа ямар арга хэмжээ авахаа шийдэх ажээ.

2024 оны статистик тооллогоор Латвийн 1.8 сая хүн амын 63 хувийг уугуул латви үндэстэн, 23 хувийг оросууд, 3 хувийг украинчууд, 3 хувийг беларусьчууд, 2 хувийг польшууд бүрдүүлж байсан байна.

ОХУ-ын хэвлэлүүд өнгөрсөн хугацаанд Латвийн эрх баригчдыг орос хэлтэн хүн амаа ялгаварлан гадуурхаж, нутаг дэвсгэрээсээ хөөж байгааг байнга шүүмжилж байв.

Харин Латвийн засгийн газар үүнийг няцааж, тус улсад байнга оршин суудаг бүх гадаадын иргэдэд ижил нөхцөл шаардлага тавьдгаа тайлбарласан байна.

“Латви улс жил бүр албадан гаргах шийдвэр олныг гаргадаг. Үүнтэй холбоотой ерөнхий журам бий. Ямар нэг тусгайлсан зүйл байхгүй. Одоогоор хүмүүс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний албыг холбоо барихаас өмнө сайн дураараа явцгааж байна. Гэтэл Оросын суртал нэвтрүүлгийн хэрэгслүүд Латвийн мэдээг үргэлж өөрийнхөөрөө мушгин гуйвуулдаг” гэж Латвийн ерөнхий сайд Эвика Силина саяхан ярьжээ.

 

Эх сурвалж: Daily Wrap