Уншиж байна ...

Уэльсийн гүнж Кэйт Миддлтон хорт хавдрын эсрэг хими эмчилгээ нь дууссаныг зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Их Британийн хаан ширээг залгамжлах хунтайж Уиллямын гэргий, Уэльсийн гүнж Кэйт Миддлтон хорт хавдрын эсрэг хими эмчилгээ нь дууссан тул энэ оны сүүлээс олон нийтийн зарим арга хэмжээнүүдэд оролцож эхлэх болсноо Даваа гарагт зарлажээ.

Одоо 42 настай гүнж энэ оны нэгдүгээр сард хэвлийн хөндийн хүнд хагалгаанд орсныхоо дараа хорт хавдартай болсон нь оношлогдсон юм.

Тэр үеэс хойш Кэйт олны өмнө ил гарахаа больж, нууц байдалд өвчнөө эмчлүүлж байв.

“Зун өндөрлөхтэй зэрэгцэн хими эмчилгээгээ дуусгасан нь надад ямар их тайвшрал өгч буйг би үгээр илэрхийлж чадахгүй байна. Сүүлийн есөн сарын хугацаа манай гэр бүлийн хувьд үнэхээр хэцүү байлаа. Та бүхний мэдэж байгаачлан амьдрал хормын дотор өөрчлөгддөг тул бид ширүүн урсгалтай голыг гаталж, таньж мэдэхгүй замыг туулах хэрэгтэй болсон юм” гэж Кэйт захидалдаа бичжээ.

Өнгөрсөн хугацаанд тэр хоёр л удаа олон нийтийн арга хэмжээнд оролцсон юм. Эхний удаа зургаадугаар сард хаан Чарльзын төрсөн өдөрт зориулсан цэргийн парадыг үзсэн бол дараа нь долдугаар сард Уимблдоны теннисийн тэмцээнд очиж байжээ.

Өчигдөр гүнжийн захидал нийтлэгдэхтэй давхцан Кенсингтоны ордон түүний гэр бүлтэйгээ хамт байгааг харуулсан дүрс бичлэгийг тараасан байна.

“Хорт хавдар бол хүн бүрийн хувьд, ялангуяа ойр дотны тань хүмүүсийн хувьд маш их ээдрээтэй, аймшигтай, урьдчилан тааварлах аргагүй өвчин юм. Энэ өвчин таныг урьд өмнө хэзээ ч бодож байгаагүй эмзэг байдалтайгаа нүүр тулахад хүргэж, бүх зүйлийг шинээр харах боломж олгодог.

Өнгөрсөн цаг хугацаа Уиллям бид хоёрт амьдралын энгийн атлаа чухал зүйлсийн талаар эргэцүүлэн бодож, талархах ёстойг санууллаа. Энэ бол зүгээр л хайрлах, хайрлуулах тухай юм” гэж гүнж захидалдаа өгүүлжээ.

Хэдийгээр хими эмчилгээ дууссан ч хорт хавдрыг бүрэн арилгахад урт хугацаа шаардахаар байгааг Кэйт бас бичсэн байна.

Эх сурвалж: Reuters