Уншиж байна ...

Япон улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болж магадгүй байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Японы эрх баригч намын даргын өрсөлдөөнд нэр дэвшигч Санае Такаичи

Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида өнгөрсөн сард намын даргын суудалд дахин нэрээ дэвшүүлэхгүй байх шийдвэрээ зарласны дараа эрх баригч Либерал Ардчилсан намын тэргүүний суудлын төлөө өрсөлдөөн эхэлсэн юм.

Одоогоор энэ өрсөлдөөнд есөн хүн нэрээ дэвшүүлээд байгаа бөгөөд энэ сарын 27-нд шинэ ерөнхий сайдыг намын гишүүдийн саналаар тодруулах гэж байна.

Kyodo News агентлаг өчигдөр дээрх нэр дэвшигчдийн рэйтингийг тогтоох санал асуулгынхаа үр дүнг танилцуулжээ.

Ингэхэд Либерал Ардчилсан намын дэмжигчдийн хамгийн том хэсэг буюу 27.7 хувь эдийн засгийн сайд асан Санае Такаичийг дараагийн ерөнхий сайд болоход хамгийн тохиромжтой хүн гэж үзсэн байна.

Тэрбээр хоёр эмэгтэй нэр дэвшигчийн нэг юм.

Такаичигийн дараа 23.7 хувийн саналыг батлан хамгаалахын сайд асан Шигерү Ишиба, 19.1 хувийн саналыг байгаль орчны сайд асан Шинжиро Коизүми нар авсан байна.

зураг
 
Зүүн гар талаас нэр дэвшигч Шинжиро Коизүми, Шигерү Ишиба, Санае Такаичи нар

Намын даргын суудлын өрсөлдөөн энэ гурван нэр дэвшигчийн дунд голлон өрнөх нь тодорхой болжээ.

Эхний шатны санал хураалтад Японы парламент дахь Либерал Ардчилсан намын 367 гишүүнээс гадна намын гишүүнчлэлийн татварыг сүүлийн хоёр жил төлсөн, Япон улсын иргэний харьяалалтай 367 хүн сонголтоор оролцох юм.

Хэрвээ хоёр дахь шатны санал хураалт явуулах нөхцөл бүрдвэл парламентын 367 гишүүнээс гадна Японы 47 муж бүрийн Либерал Ардчилсан намын салбарууд оролцоно.

Kyodo News агентлагийн санал асуулгад оролцогчдын 36.2 хувь нь шинэ ерөнхий сайд эдийн засгийн өсөлтийг хангаж, үнийн өсөлтийг хязгаалахад гол анхаарлаа хандуулах ёстой гэж үзжээ.

Харин 24.5 хувь нь гадаад бодлого, аюулгүй байдлын асуудалд голлон анхаарах ёстой гэж үзсэн байна.

 

Эх сурвалж: Kyodo News

 

Зураг
Яг одоо