Уншиж байна ...

“Мовьёос” брэндийн хамт олон хүнд ч, байгальд ч ээлтэй байгууллага байх үндсэн зорилго тавин ажиллаж байна

ikon.mn
Өчигдөр 16 цаг 25 минут
ikon.mn
зураг
 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №30  

“Монфүүд Ланд” ХХК

-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.

Ажлын байрны дадлагажуулагчийн дэмжлэгтэйгээр оюуны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй компани 

зураг
 
Х.Төгөлдөр /зүүн гар талаас 2 дахь/, Д.Батзориг /баруун гар талаас 2 дахь/ нар нь “Энэрэл” МБС-д суралцаж төгсөөд одоо хамтдаа “Монфүүд Ланд” ХХК-ийн үйлдвэрт ажиллаж байна. “Энэрэл” Мэргэжлийн Боловсролын Сургууль /цаашид МБС гэх/-ийн дэд захирал бөгөөд ажлын байрны дадлагажуулагч А.Уянга /зүүн гар талаас эхнийх/ болон “Монфүүд Ланд” ХХК-ийн Хүний нөөцийн менежер Ц.Цэндсүрэн нар. /зургийг 2024 оны 6-р сард авав/

Монголчуудынхаа эрүүл амьдралын хэв маягт хувь нэмэр оруулахын төлөө ажиллаж байна

зураг
 
“Мовьёос” брэндийн гол нэрийн бүтээгдэхүүнүүд /зургийг 2024 оны 6-р сард авав/

Зуны эхэн 6-р сарын дундуур бид Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах “Монфүүд Ланд” ХХК-ийг зорьсон. Тус компани нь бидний сайн мэдэх “Мовьёос” брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Үйлдвэрийн хаалгаар ортол овьёосны тааламжтай үнэр хамар цоргив.

Сүүлийн жилүүдэд Монголчууд зөв хооллолт, эрүүл амьдралын талаар их сонирхох болж, фитнес клуб, иогийн студи зэрэг газрууд олноор байгуулагдсан. Мөн нөөшлөгч, өнгө оруулагч бодис агуулаагүй байгалийн гаралтай хүнс хэрэглэх сонирхол, эрэлт хэрэгцээ ч эрс нэмэгдсэн. “Монфүүд Ланд” ХХК нь нийгмийн энэхүү өөрчлөлтийг хамгийн түрүүнд мэдэрч, эрүүл бас тэжээллэг хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн Монголчууддаа хүргэх зорилготойгоор 2014 онд байгуулагджээ. 

зураг
 
“Мовьёос” брэндийн гол нэрийн бүтээгдэхүүнүүд /зургийг 2024 оны 6-р сард авав/

Тус компанийн гол нэрийн бүтээгдэхүүн бол “Мовьёос” брэндийн өглөөний хоол юм. Хичээл, ажилдаа явахын өмнө хурдан бас эрүүл хүнс хэрэглэх боломжийг бүрдүүлэхийн тулд 100 хувь байгалийн гаралтай түүхий эдийг ашиглан, витамин, эрдэс минерал, эслэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүнийг ар араас нь шинээр үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. 

Жишээлбэл, тус компанийн нэрийн бүтээгдэхүүн болох “Мовьёос” өглөөний хоол нь овьёосыг гол бүтээгдэхүүн болгон хийсэн Монголын анхны гранола бүтээгдэхүүн юм. Хэрэглэгчдийн хүсэлт, шаардлагад нийцүүлэн гранола бүтээгдэхүүнээ жимстэй, шоколадтай гэсэн хоёр төрлөөс гадна сахаргүй төрлийг бэлтгэн гаргаснаас гадна хэмжээний хувьд 100 граммын жижиг савлагаатайгаас эхлээд 500 грамм, 2 болон 5 килограммын том савлагаа бүхий өргөн сонголттой. Мөн “Цэнэглэгч” бүтээгдэхүүн нь бүхий л дэлгүүр, супермаркетаар худалдаалагддаг бөгөөд 1400 төгрөг буюу сурагч, хүүхдүүд ч худалдан авах боломжтой хямд төсөр үнээр борлуулагддаг, эрэлт ихтэй бүтээгдэхүүний нэг юм. Эдгээрээс гадна аарцтай болон жимcтэй зутан, эслэгтэй болон маалингатай талх, мөн пицца, буриттогийн “Элдэвтэй гурил” гээд нийтдээ 40 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргэж байна.

Тус компанийн үйл ажиллагаа байгуулагдсан цагаасаа нийтэд төдийгүй мэргэжлийн байгууллагуудад үнэлэгдэж, “Creative Mongolia 2014” болон “Made In Ulaanbaatar 2014” зэрэг уралдаануудаас хүнсний бүтээгдэхүүний төрөлд хэд хэдэн шагнал хүртжээ.

Сүүлийн  жилүүдэд дэлхий даяар эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх болж, байгаль орчин болон амьтдыг хамгаалах үүднээс мах, загас, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг зэрэг амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэггүй веган хоолтнуудын тоо эрс нэмэгдэж байгаа бөгөөд шинэ төрлийн веган бүтээгдэхүүн ар араасаа гарч байна. Жишээлбэл, АНУ-д 2014-2017 оны 3 жилийн хугацаанд веган хоолтнуудын тоо 6 дахин нэмэгдсэн гэсэн судалгаа байгаагаас гадна Англи улсын иргэдийн 10 хүн тутмын нэг нь веган хоолтон гэсэн баримт ч байна. Энэ мэт олон улсын чиг хандлагыг мэдэрсэн тус компани нь бүтээгдэхүүнийхээ түүхий эдэд шинэчлэл хийж, веган бүтээгдэхүүн үйлдвэрлэлд үе шаттайгаар шилжсэн байна. Өдгөө бүх бүтээгдэхүүн нь веган бөгөөд үйлдвэрлэлийн явцад гарсан хог, хаягдлыг ангилан ялгах ажлыг хэвшүүлснээрээ байгальд ээлтэй “Эко” байгууллага болж чаджээ. “Монфүүд Ланд” ХХК-ийн ажилтны хоолны газар өдөр бүр ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр хийсэн веган хоолоор ажилтнууддаа үйлчилдэг.

Тус компани нь байгуулагдаад 3 дахь жилээсээ нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэх ажлынхаа нэг болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж иржээ. Хүний нөөцийн менежер Ц.Цэндсүрэн “Манай компани нийт 60 гаруй ажилтантай бөгөөд сонсголын бэрхшээлтэй 1, харааны бэрхшээлтэй 1, оюуны бэрхшээлтэй 2 ажилтан ажилладаг. “Эх дэлхийдээ ч, хүнд ч ээлтэй байгууллага” байхыг зорьж байгаагийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь Веган хүнсний соёлыг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажилтай нэгэн адил компанийн гол тулгуур ажлуудын нэг юм” гэж ярив.

“Энэрэл” МБС-ийн найзууд хамтдаа ажиллаж байна

зураг
 
”Монфүүд Ланд” ХХК-ийн үйлдвэрийн ажилтан Х.Төгөлдөр, Д.Батзориг нарыг хариуцан ажилладаг хүн бол үйлдвэрийн жор баригч Э.Энхжаргал /зүүн гар тал/ юм. /зургийг 2024 оны 6-р сард авав/

Д.Батзориг, Х.Төгөлдөр нар хоёулаа Улаанбаатар хотод төрж өссөн ба хөнгөн хэлбэрийн оюуны бэрхшээлтэй. Дунд сургуулиа төгссөнийхөө дараа хэн хэн нь 3 жилийн турш гэртээ байсан гэдэг нь ч ижил аж. Тэд “Энэрэл” МБС-д суралцах үедээ танилцан, тус сургуулийн дэд захирал бөгөөд ажлын байрны дадлагажуулагч А.Уянгын дэмжлэгтэйгээр 2024 оны 5-р сард “Монфүүд Ланд” ХХК-д ажилд оржээ. 

Х.Төгөлдөр одоо 24 настай. Ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Өдөр бүр автобусаар 20 минут орчим явж ажилдаа ирнэ. Түүний хариуцаж хийдэг ажил бол гурил шигших, буриттогийн гурил бэлтгэх юм. “Олон цагаар гурил шигшихэд гар чилж өвддөг. Бас шарах шүүгээнд гараа түлж байсан удаа ч бий. Миний ажил тийм ч амархан ажил биш ээ. Гэхдээ гурил шигшээд гар булчинтай болсон. Цалин авангаа фитнест явж байгаа л гэсэн үг” гэж ярих Х.Төгөлдөр хошигнох дуртай, хөгжилтэй зантай болохоор ажилд орсон эхний өдрөөсөө л хамт олон дундаа орж, найзалж нөхөрлөсөн гэнэ. Ажилд ороод хамгийн сайхан байгаа зүйлийнх нь талаар асуухад тэр шуудхан л “Хамт олонтой, найз нөхөдтэй болсон нь хамгийн сайхан” гэж хариулаад “Цалингаасаа цуглуулаад ээжтэйгээ хамт амьдрах байр худалдаж авмаар байна” гэж шинэ зорилго, мөрөөдлийнхөө талаар хуваалцсан юм.

зураг
 
Компанийнхаа бүтээгдэхүүнүүдээр бахархан зогсох Х.Төгөлдөр, Д.Батзориг нар /зургийг 2024 оны 6-р сард авав/

Д.Батзоригийн хувьд 26 настай. Гэрээсээ 10 орчим минут алхаад ажилдаа очдог. Одоо ээж, эмээ, дүүгийн хамт амьдардаг. Үйлдвэртээ ногоо арилгах, хатаасан жимс хэрчих ажлыг хариуцан хийдэг. “Мовьёосын бүтээгдэхүүнийг энд ажилд орохоосоо өмнө ч авч иддэг байсан. Тийм болохоор “Монфүүд”-д ажилд орсондоо баяртай байдаг” гэв. Тэр даруухан зантай болохоор ажилд ороод эхний хэсэг хугацаанд хамт олон, орчиндоо нэг л дасахгүй байсан гэнэ. Гэхдээ нэг сургуулийн найз Х.Төгөлдөр хамт ажиллаж байсан болохоор удалгүй хамт олондоо дасжээ.

Д.Батзориг “Миний ажил  улирлаасаа шалтгаалаад хүнсний ногоо болон жимсний нэр төрөл нь өөрчлөгддөг. Түүнийгээ дагаад хэрчилт нь бас өөрчлөгддөг болохоор сонирхолтой санагддаг. Гэхдээ ногоо, жимс хүнд болохоор зөөхөд бага зэрэг хэцүү байдаг” гэж ярив. Д.Батзориг ч мөн адил ажилд ороод шинэ мөрөөдөлтэй болжээ. Түүний мөрөөдөл бол ирээдүйд өөрийн гэсэн дэлгүүртэй болох гэнэ. Бага зэрэг ичимхий ч өөрийн мөрөөдөл, зорилгынхоо талаар ярих Д.Батзоригийн царайд өөртөө итгэлтэй байдал тод ажиглагдсан.

Веган соёлоор холбогдсон ажил, амьдралын түншүүд

зураг
 
Х.Төгөлдөр /голд/ болон Д.Батзориг /зүүн гар талаас хоёр дахь/ хоёрыг ажлын байранд нь дэмжлэг үзүүлэх үүднээс үйлдвэрийн дарга Д.Оюумаа /зүүн гар талаас 3 дахь/ болон жор баригч Э.Энхжаргал /баруун гар талаас 3 дахь/ нарт хариуцуулжээ. /зургийг 2024 оны 6-р сард авав/

Х.Төгөлдөр, Д.Батзориг нарын суралцаж төгссөн “Энэрэл” МБС-ийн үүсгэн байгуулагч бол Монголын парахөнгөн атлетикийн холбооны тэргүүн, марафон гүйлтийн тамирчин Б.Батдорж бөгөөд анх хөгжлийн бэрхшээлтэй залуусыг бие даан ажиллаж амьдрахад дэмжлэг үзүүлэх зорилгоор тус сургуулийг өөрийн хөрөнгөөр 2016 онд байгуулжээ. Мужаан, тогооч, оёдол, гар урлал гэсэн 4 мэргэжлээр элсүүлэн сургадаг бөгөөд 2 жилийн хугацаатай үнэ төлбөргүй суралцах боломжтой. Б.Батдорж захирал сургуулиа байгуулах үедээ л дэд захирал А.Уянгыг урьж ажиллуулсан байна. Түүнээс хойш одоог хүртэл ажиллаж байгаа А.Уянга захирал хүний нөөц, нягтлан бодогч гээд бүхий л ажлыг нь хийж иржээ. Хамт олноороо хичээл зүтгэл гаргасны хүчинд “Энэрэл” МБС нь Монголын нийгэмд аажим аажмаар танигдаж, өдгөө 230 гаруй төгсөгч бүхий сургууль болжээ.  

зураг
 
“Энэрэл” МБС-ийн дэд захирал бөгөөд ажлын байрны дадлагажуулагч А.Уянга /баруун гар тал/. /зургийн 2021 оны 12-р сард авав/

Тус сургуулийн хувьд төгсөгчдөө ажлын байртай болгох нь хамгийн гол асуудал юм. Ажилд орсон ч тогтвор суурьшилтай ажиллаж чадалгүй, ажлаасаа гарах тохиолдол байнга гардаг учир үүнд санаагаа чилээж байсан дэд захирал А.Уянга DPUB2 төслөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлдэг “Ажлын байрны дадлагажуулагч” нарыг бэлтгэж эхэлсэн тухай сонсоод, эргэлзэх зүйлгүй төслийн сургалтад хамрагдахаар шийджээ. Тэрээр 2022 оны 5-р сард зохион байгуулагдсан “Ажлын байрны дадлагажуулагчийн танилцуулах сургалт” болон 2023 оны 5-р сард болсон “Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалт”-д тус тус хамрагдаж, ажлын байрны дадлагажуулагч болжээ.

Түүгээр ч зогсохгүй Япон болон Малайз улсад зохион байгуулагдсан сургалтуудад хамрагдаж, ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургагч багш болсон байна. Мөн “Энэрэл” сургуулийн багш нараа ч ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтад хамруулжээ. Одоо Япон улсын Канагава мужийн Зама хотод байрлах “Агапэ” ХБИ-ийн халамжийн төвтэй хамтран ажиллаж, “Энэрэл” МБС-ийн багш, ажилтнууд болон хөгжлийн бэрхшээлийн салбарт ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудыг тус төвийн үйл ажиллагаатай танилцах, арга туршлагаас нь сургалцах сургалтыг зохион байгуулах ажлыг амжилттай хийж байна. 

Ажлын байрны дадлагажуулагч А.Уянга нь “Монфүүд Ланд” ХХК-тай холбогдсон нь Веган соёлтой салшгүй холбоотой. Тэрээр сүүлийн хэдэн жил веган буюу цагаан хоол идэж байгаа бөгөөд 3 жилийн өмнө веган хоол сурталчлах сайн дурынхны үйл ажиллагааны үеэр “Монфүүд Ланд” ХХК-ийн Хүний нөөцийн менежер Ц.Цэндсүрэнтэй танилцжээ. Ц.Цэндсүрэн менежер ч мөн адил веган хоолтон юм.

 Улмаар “Монфүүд Ланд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хулантай танилцан, ажил хэргийн тал дээр ч хамтарч ажиллахаар болсон байна. А.Уянга дадлагажуулагч тус компанийн үйлдвэртэй очиж танилцаад үйлдвэрийн орчин, шат дамжлагуудыг харахад оюуны бэрхшээлтэй хүн ажиллахад тохиромжтой гэж үзэж, “Энэрэл” сургуулийн төгсөгчдөө ажиллуулах талаар Б.Хулан захирал болон Ц.Цэндсүрэн менежер нарт санал тавьж, цаашид хамтран ажиллахаар болжээ.

зураг
 
Х.Төгөлдөр /голд/, Д.Батзориг /баруун гар тал/, Ажлын байрны дадлагажуулагч А.Уянга /зүүн гар тал/. /зургийг А.Уянга дадлагажуулагчаас авав/

Энэрэл” МБС-ийн төгсөгчид дундаас Х.Төгөлдөр, Д.Батзориг хоёрыг “Монфүүд”-д ажилд оруулсан нь ажлын байрны дадлагажуулагчийн үүднээс гаргасан шийдвэр байжээ. Х.Төгөлдөрийн хувьд тогоочийн анги төгссөнийхөө дараа сургуульдаа туслах багшаар үлдэж, 1 жил ажилласан ажлын туршлагатай учраас үйлдвэрт ямар нэг саадгүй ажиллаж чадна гэж үзжээ. Харин Д.Батзоригийн хувьд өмнө нь ажиллаж байсан цементийн үйлдвэр гэрээс нь хол, ажил нь ч хүндэвтэр байсан учраас тогтвортой ажиллахгүй байх магадлалтай гэж үзэж, гэрт нь ойр, ажлын агуулга нь ч харьцангуй хөнгөн гэж үзэж “Монфүүд”-д ажилд оруулжээ.

Өмнөх алдаагаа давтахгүйн тулд ажлын байрны дадлагажуулагчийн дэмжлэгийг авчээ

зураг
 
Ажлын байрны дадлагажуулагч А.Уянгын “Монфүүд Ланд” ХХК-ийн ажилтнуудад хийсэн сургалтын үеэр. /зургийг АБД А.Уянгаас авав/

Х.Төгөлдөр, Д.Батзориг нар “Монфүүд”-д ажилд орох болсонтой холбоотойгоор  хүний нөөцийн менежер Ц.Цэндсүрэн бэлтгэл ажлуудаа ажлын байрны дадлагажуулагч А.Уянгын заавар, зөвлөгөөний дагуу хийжээ. 

Хамгийн эхэнд ажилтнуудынхаа хөгжлийн бэрхшээлийн талаарх хандлага ойлголтыг сайжруулах үүднээс хэд хэдэн удаагийн сургалтыг А.Уянга багшаар хийлгэжээ. Сургалтын үеэр хөгжлийн бэрхшээл гэж юу болох, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хэрхэн харилцах шаардлагатай байдаг талаар зааж, мөн ажлын байрны дадлагажуулагч гэсэн шинэ ажил мэргэжлийн талаар танилцуулга сургалтыг явуулсан байна.

зураг
 
Хүний нөөцийн менежер Ц.Цэндсүрэн бидэнд компанийнхаа бүтээгдэхүүн нэг бүрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. /зургийг 2024 оны 6-р сард авав/

Хүний нөөцийн менежер Ц.Цэндсүрэн “Батзориг, Төгөлдөр хоёрын бэрхшээл гаднаасаа харахад мэдэгдэхгүй учраас эхний үед ажилтнуудын дунд “Яагаад биднээс бага ажил хийж байгаа юм бэ?, Их удаан байна” гэх мэтээр гомдол гаргах хүн цөөнгүй байсан. Харин хэд хэдэн удаа сургалт хийж, таниулсны үр дүнд гомдол гарахаа больсон шүү” гэж дурсан ярив. Тэрээр үргэлжлүүлэн “Манай ажилтнууд А.Уянга дадлагажуулагчийн сургалтад хамрагдахын өмнө Х.Төгөлдөр, Д.Батзориг хоёрт “Тэрийг аваад ир” гэх мэтчилэн маш ерөнхий заавар өгдөг байсан.

Харин сургалтад хамрагдсаныхаа дараа “Цаасан хайрцгаас улаан өнгөтэй сав нэгийг аваад ир” гэх зэргээр маш тодорхой зааварчилгаа өгдөг болсон нь анзаарагдсан. Энэ мэтчилэн манай ажилтнууд хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй харилцах чадварт суралцаж байна. Энэ чадвар нь зөвхөн ажлын байранд төдийгүй ямар ч нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй зөв харилцах чадвар эзэмшиж байна гэж найдаж байгаа” гэж нэмж хэлэв.

зураг
 
Зүүн гар талаас Д.Батзориг, Хүний нөөцийн менежер Ц.Цэндсүрэн, Х.Төгөлдөр, ажлын байрны дадлагажуулагч А.Уянга нар. /зургийг 2024 оны 6-р сард авав/

Компанийн зүгээс үйлдвэрт “бэлтгэгч” гэдэг шинэ ажлын байрыг Д.Батзоригт зориулан гаргаснаас гадна үйлдвэрийн дарга Д.Оюумаа болон жор баригч Э.Энхжаргал нарт Х.Төгөлдөр, Д.Батзориг нарыг үйлдвэрийн орчинд дадлагажуулж, хариуцаж ажиллах үүрэг өгчээ. “Шинэ орчинд, шинэ ажилд дасах хүртэл хэнд ч гэсэн хэцүү байдаг. Манай хоёр сүүлийн үед ажилдаа дадлагажаад,  хурдтай ажилладаг болсон” гэж үйлдвэрийн жор баригч Э.Энхжаргал ярив. Үйлдвэрийн дарга Д.Оюумаа “Манай хоёр цаг маш сайн баримталж, хичээнгүй ажилладаг. Энэ байдал нь бусад ажилтнуудад сайнаар нөлөөлж, хөгжлийн бэрхшээлийн талаар маш эерэг ойлголттой болцгоосон” гэсэн юм.

Тус компани нь Х.Төгөлдөр, Д.Батзориг хоёроос өмнө оюуны бэрхшээлтэй хүн авч ажиллуулж байсан хэдий ч харамсалтай нь удалгүй ажлаас гарчихсан гэнэ. Тэр үеэс хойш дахин оюуны бэрхшээлтэй хүн ажиллуулах эсэх дээр эргэлзэж байсан ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтээр мэргэшсэн А.Уянга дадлагажуулагчтай ярилцаж зөвлөлдсөний дүнд Х.Төгөлдөр, Д.Батзориг нарыг авч ажиллуулахаар болжээ. Хүний нөөцийн менежер Ц.Цэндсүрэн “А.Уянга дадлагажуулагчтай анх веган хоолоор холбогдож, түүнээс хойш ажлын хамтрагчид болсон. Манай компани мэргэжлийн хүний дэмжлэгийг авч, хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудаа хэрхэн тогтвор суурьшилтай ажиллуулах тал дээр цаашид ч хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна” гэв.

“Том Хангай” нэртэй шинэ сан үүсгэн байгуулжээ

зураг
 
Х.Төгөлдөр /арын эгнээнд зүүн гар талаас 2 дахь/ болон Д.Батзориг /нүүрний эгнээний зүүн гар тал/ нарын үйлдвэрийн хамт олон. Мөн хүний нөөцийн менежер Ц.Цэндсүрэн /арын эгнээний баруун гар талаас 2 дахь/. /зургийг 2024 оны 6-р сард авав/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх ажлыг олон жилийн турш хийж ирсэн хүний хувьд А.Уянга дадлагажуулагч ингэж ярив. “Монголын нийгэмд оюуны бэрхшээлтэй иргэд тогтвортой хөдөлмөр эрхлэх боломж бололцоо төдийлөн бүрдээгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажил бол тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд зуучлаад дуусах ажил биш юм. Тэдний гэр бүл, ажлын хамт олны дэмжлэг маш чухал” болохыг онцлоод, үргэлжлүүлэн “Ажлын байрны дадлагажуулагч бол зарим үед эцэг эхийнх нь ч мэдэхгүй зан чанар, дадал зуршлыг олж мэдэх тохиолдол ч бий. Х.Төгөлдөр, Д.Батзориг нарын жишээгээр дамжуулан, тухайн хүнд оновчтой дэмжлэг үзүүлж чадвал оюуны бэрхшээлтэй хүн ч ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой гэдгийг нийтэд түгээж, ойлгуулмаар байна. Нэмж хэлэхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлдэг төрийн болон төрийн бус олон байгууллага байдаг. Эдгээр байгууллагууд хамтран, идэвхтэй ажиллах хэрэгтэй гэж боддог” гэсэн юм. 

“Монфүүд Ланд” ХХК нь “Том Хангай” нэртэй шинэ сан байгуулан ажиллаж байгаа бөгөөд сангийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө бодитой зүйл хийж, амжилт гаргасан эцэг эх, багш нарыг урамшуулах зорилготой байна. Хэрэглэгчдэдээ тус сангийн үйл ажиллагааг таниулах зорилгоор бүтээгдэхүүнийхээ савлагаанд одоо байгаа “Веган” гэсэн тэмдэглэгээтэй зэрэгцүүлэн сангийн логог мөн байршуулж, “Мовьёос” брэндийн бүтээгдэхүүний борлуулалтын орлогын тодорхой хэсгийг хандивлахаар төлөвлөж байгаа ажээ.

 Байгуулагдсан цагаасаа нийгмийн чиг хандлагыг урьдчилан харж, “Эх дэлхийдээ ч, хүнд ч ээлтэй байгууллага байна” гэсэн үндсэн зорилготойгоор, үргэлж шинийг санаачлан, түүчээлж ирсэн компани бол “Монфүүд Ланд” ХХК юм. Энэ онд 10 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй тус компани нь DPUB2 төслийн бэлтгэсэн ажлын байрны дадлагажуулагчтай хамтран ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бодитойгоор дэмжин сайн жишээ болон ажиллаж байна. Энэхүү сайн жишээгээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхах, хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгэм дэх буруу ташаа ойлголтыг засаж залруулахад томоохон нөлөө үзүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

【Байгууллагын мэдээлэл】

Байгууллагын нэр

Монфүүд Ланд ХХК

Үйл ажиллагааны чиглэл

“Мовьёос” нэрийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт

Ажилтны тоо

60 гаруй ажилтан /2024 оны 9-р сарын байдлаар/

ХБ-тэй ажилтны тоо

4 ажилтан /2024 оны 9-р сарын байдлаар/

ХБ-тэй ажилтан ажилд авсан шалтгаан

・”Эх дэлхийдээ ч, хүнд ч ээлтэй байгууллага байна” гэсэн үндсэн зорилготой тус компани нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг байгууллагынхаа чухал асуудлын нэг болгосон.

・”Ажлын байрны дадлагажуулагчийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх үйлчилгээ”-г авсан.

・Удирдлагын түвшинд хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт, хандлага сайн.

Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

・Нэг сургуульд суралцаж төгссөн оюуны бэрхшээлтэй хоёр залууг хамтад нь ажилд авч, нэг үйлдвэрт ажиллуулсан нь оновчтой тохируулга болсон.

・Ажлын байрны дадлагажуулагчийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй залуусыг ажилд орохын өмнө болон ажилд орсны дараа тухайн байгууллагын нийт ажилтнуудад суралт явуулсан нь үр дүнгээ өгсөн.

・Ажилд авсан хөгжлийн бэрхшээлтэй ажилтандаа шинээр ажлын байр бий болгосон.

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ:

2022 оноос ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ний загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.

Холбоо барих хаяг:

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn

Утасны дугаар: 77073008, 77032222