Уншиж байна ...

"Багш нарын цалин нэмэгдсэн хэдий ч нийгмийн баталгааг хангаж чадаагүйн улмаас хүний нөөцийн дутагдал бий болж байна"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулан багшлах эрх олгох замаар чадварлаг боловсон хүчин, хүний нөөц боловсролын салбарт ажиллах боломжийг бүрдүүлж, багшийн хомсдолыг шийдэх боломжтой талаар Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр мэдээлсэн. 

Үүнтэй холбогдуулан Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос боловсролын салбар дахь цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга З.Цогтгэрэл "Засгийн газрын Боловсролын Яамнаас гаргасан энэ тогтоол шийдвэр нь Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны гэрээ хэлэлцээрт заасан заалтыг үндэслэж ярилцаагүй. Энэ нь боловсролын салбарыг хоёр талцуулсан асуудал боллоо. 

Багшлах эрхийн гэрчилгээ, Багшийг хөрвүүлж сургадаг журам бий. Энэ журамтай холбоотой асуудлыг өмнө нь байсан дүрмийн дагуу явуулахгүйгээр 45 хоногт багш бэлтгэж, хөрвүүлж орон тоог нөхнө гэж байгаа нь буруу шийдвэр гэж олон багш эсэргүүцэж байна.

Хоёр жилийн өмнө 1,200 багш дутуу байна гэж ярьж байсан. Гэтэл үүнд арга хэмжээ аваагүйгээс үүдэж жил бүр багшийн орон тоо нэмэгдэж байна.

Гадаад дотоодын их дээд сургуулийг төгссөн судлаач мэргэжлийн хүмүүсийг тодорхой үе шаттайгаар бэлтгэн, хөрвүүлж ажиллуулах нь цэг талдаа зөв ч тайлбар мэдээллээ дутуу дулимаг өгснөөс болж багш нарын нэр хүнд, үнэлэмжийг унагаалаа гэсэн бухимдлыг нийгэмд үүсгэж байгаа нь буруу гэж үзэж байна.

Багш нарын цалин нэмэгдсэн хэдий ч нийгмийн баталгааг хангаж чадаагүйн улмаас боловсролын салбарт хүний нөөцийн дутагдал бий болж байна. Нийгэм даяараа боловсролд хөрөнгө оруулалт хийх, багш нарын нийгмийн хангамжийг сайжруулах ёстой гэж үзэж байна. 

Боловсролын салбарт ажиллаж буй хүмүүсийн ачаалал маш их. Жишээлбэл анги дүүргэлт хуучин стандартаар 30-35 байх ёстой. Гэтэл бодит байдал дээр нэг ангид 60-65 хүүхэд байна. 

Сонгуулийн өмнө тодорхой хэмжээний сургууль цэцэрлэг барьдгаа болих хэрэгтэй. Багш нар өглөөнөөс орой хүртэл ачаалалтай, үнэлгээгүй ажилладаг. 

2025 оны улсын төсөвт багш нарын цалин хөлсийг зургаан хувиар нэмэгдүүлэх урьдчилсан төсөл явж буйг эрс эсэргүүцэж байна. 2025 онд боловсролын салбарт ажиллаж буй хүмүүсийн хамгийн доод цалинг хоёр сая төгрөгт хүргэх хэрэгтэй. Хэрэв цалин хөлсийг нэмж, нийгмийн ахуй хангамжийг сайжруулахгүй бол дараагийн арга хэмжээнд шилжинэ. 

Боловсролыг нэн тэргүүнд байлгахаар хуульдаа тунхаглаж, Засгийн газраас олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаа хэдий ч багш нарын цалин инфляцыг гүйцэхгүй байна.

Иймд Засгийн газар болон Боловсролын яаманд дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэхийг шаардаж дараах шаардлагыг тавьж байна. Үүнд:

  • Засгийн газраас 2025 онд багшийн үндсэн цалинг улсын дундаж цалин, хөлсний түвшинд хүргэж, нэмэгдүүлэх
  • Мөн улсын болон салбарын хэлэлцээрт тусгасан асуудлуудыг биелэлтийг хатуу шаардаж байна.
  • Шаардлагатай тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой гишүүдийн тавьсан асуудлыг хэрэгжүүлэхгүй байна.
  • Үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэхдээ манай холбоотой зөвшилцөж шийдвэрлэх,  

Эдгээр шаардлагыг биелүүлэхгүй бол манай холбооноос тэмцлийн үйл ажиллагааг эхлүүлэх болсноо албан ёсоор мэдэгдэж байна" гэв.