Уншиж байна ...

П.Эрхэмбулган: Автомашингүй өдрөөр иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө өгөх асрууд байрлуулна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 9 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар "Автомашингүй өдөр 2024" нэгдсэн арга хэмжээг энэ сарын 21-ний өдөр зохион байгуулахаар болсон билээ.

12 дахь жилдээ зохиогдох гэж буй тус арга хэмжээний талаар холбогдох албан тушаалтнууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар (НЭМГ)-ын дарга П.Эрхэмбулган "Автомашингүй өдрийг зохион байгуулах тухай Засаг даргын захирамж энэ сарын 5-ны өдөр гарсан. Энэ захирамжаар автомашингүй өдрийг зохион байгуулах Ажлын хэсгийг томилж, ямар байршилд зам хаагдах болон ямар үйл ажиллагаа явуулахаар талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Үүний дагуу Ажлын хэсэг бэлтгэл ажлаа хангаж байна.

Өнөөдрийн байдлаар автомашингүй өдрийг тэмдэглэдэг 1,500 орчим хотод 100 орчим сая хүн оролцдог гэсэн тоон баримт бий. Манай улс уг арга хэмжээг 12 дахь жилдээ зохион байгуулж буй.

Дэлхийн автомашингүй өдөр есдүгээр сарын 22-нд тохиодог. Манай улсын хувьд энэ жил есдүгээр сарын 21-ний өдөр буюу ирэх Бямба гарагт хийхээр төлөвлөсөн. 

Уг арга хэмжээний гол зорилго нь автомашины хэрэглээнээс татгалзах, бусад тээврийн хэрэгслээр явах, явган алхалтыг дэмжихэд оршдог. Энэ жилийн гол онцлог нь Улаанбаатар хотын захиргаанаас хэрэгжүүлж буй "Eco Mobility" аяныг дэмжих зорилготой юм.

Энэ өдөр төвийн байршилд авто замын хөдөлгөөнийг зогсоож, 20 худалдааны төвийг амраахаар төлөвлөж байна. 

Мөн Сүхбаатарын талбайд нэгдсэн арга хэмжээ болно. Тодруулбал урд хэсгээр нь спорт, урлагийн болон бусад үйл ажиллагааг зохион явуулах юм. Түүнчлэн зарим эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх асрууд байршуулна. 

Төвийн зургаан дүүрэгт хариуцсан талбайдаа арга хэмжээ зохион байгуулахаар ажиллаж байна" гэв.