Уншиж байна ...

Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэрэгний аяллыг сэргээх асуудлыг зөвшилцжээ

ikon.mn
2024 оны 9 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Төмөр Замуудын Хамтын Ажиллагааны Байгууллага /ТЗХАБ-ОСЖД/-ын Зорчигч тээврийн комиссын II дугаар хэсгийн төмөр замуудын 2024-2025 онд олон улсын харилцааны зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарь, бүрэлдэхүүнийг тохирох зөвлөгөөн ОХУ-ын Санкт-Петербург хотноо амжилттай боллоо.

ТЗХАБ-ын Зорчигч тээврийн комиссын II дугаар хэсэгт БНСВУ, БНАСАУ, БНХАУ, БНКУ, ОХУ, Монгол Улс зэрэг орнууд багтдаг юм. Зөвлөгөөнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төлөөлөгчид оролцлоо.

Зөвлөгөөнөөр Улаанбаатар–Эрхүү чиглэлийн галт тэргийг үргэлжлүүлэн аялуулж зуны улиралд нэмэлт вагонууд холбон аялуулах, Улаанбаатар–Бээжин чиглэлийн галт тэрэгний аяллыг Бээжин–Фэншань чиглэлийн замын их засварын ажлыг дуусмагц эхлүүлэх, Бээжин–Москва чиглэлийн 3/4-р галт тэрэгний туршилтын аяллыг энэ ондоо багтаан зохион байгуулах, Улаанбаатар–Москва чиглэлийн 5/6-р галт тэрэгний аяллыг сэргээх талаар үргэлжлүүлэн судлах зэрэг асуудлыг хэлэлцэв.

Ташрамд дурдахад КОВИД цар тахлын дараа БНХАУ нь зөвхөн Лаос, Монгол улстай олон улсын  зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнөө сэргээгээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН нь БНХАУ-тай Улаанбаатар–Эрээн, Улаанбаатар–Хөх хот чиглэлүүдэд, ОХУ-тай Улаанбаатар – Эрхүү чиглэлд, олон улсын зорчигчийн галт тэргийг аялуулж байна.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.