Уншиж байна ...

Apple компани дөрвөн хувилбартай iPhone 16 шинэ загвараа танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Apple компани “Glowtime” хэмээн нэрлэсэн арга хэмжээнийхээ үеэр iPhone 16 шинэ загвараа танилцууллаа.

Уг бүтээгдэхүүн нь дөрвөн өөр хувилбартай бөгөөд урьдчилсан захиалга нь өнөөдөр нээгдэж, есдүгээр сарын 20-нд худалдаалж эхлэх юм байна.

Энэ удаагийн iPhone загвар хиймэл оюуны Apple Intelligence технологийг үйлдлийн системдээ шингээсэн гэдгээрээ онцлог.

Үүнээс гадна камерын хувьд нэлээд сайжруулж, шинэ үеийн процессороор тоноглож, шинэ товчтой болжээ.

 

Үнэ

зураг
 
iPhone 16 Pro хувилбар

iPhone 16 загвар дотроо iPhone 16, iPhone 16 Plus, iPhone 16 Pro, iPhone 16 Pro Max гэсэн дөрвөн хувилбартай.

Үнийн хувьд өмнөх iPhone 15 загвартайгаа ижил байх юм.

Тухайлбал:

  • iPhone 16: $799 (128GB), $899 (256GB), $1,099 (512GB)
  • iPhone 16 Plus: $899 (128GB), $999 (256GB), $1,199 (512GB)
  • iPhone 16 Pro: $999 (128GB), $1,099 (256GB), $1,299 (512GB), $1,499 (1TB)
  • iPhone 16 Pro Max: $1,199 (256GB), $1,399 (512GB), $1,599 (1TB)

 

Камер

зураг
 

iPhone 16 ба 16 Plus хувилбарууд нь өмнөх iPhone 15 хувилбаруудтай адил 48MP үндсэн, 12MP хэт өргөн (ultrawide) өнцгийн камертай үйлдвэрлэгдсэн байна.

Харин iPhone 16 Pro хувилбарын хувьд 48MP үндсэн, 48MP хэт өргөн өнцгийн, 12MP 5X Zoom татдаг камертай болжээ.

Үүнд гол өөрчлөлт нь iPhone 15 Pro хувилбарын 3Х zoom камерыг 5Х zoom болгон нэмэгдүүлсэн явдал юм.

iPhone 16 загварын ultrawide дуран өмнөхөөсөө 2.6 дахин их гэрэл мэдэрдэг болсон тул гэрэл багатай орчинд сайн чанартай зураг буулгах боломжтой болжээ.

Мөн дүрс, зурагт орон зайн мэдээлэл агуулсан Spatial Video, Spatial Photo боломжууд нэмэгдсэн нь Apple-ийн Vision Pro зүүдэг төхөөрөмжөөр харахад зориулагдсан юм байна.

Камер нь 4K видео дүрсийг 120 fps (frame rate per second) түвшинд бичдэг болж сайжирчээ. Ингэхдээ бас slow-motion горимд 4K дүрс бичих боломжтой болсон байна.

iPhone 16 Pro хувилбарууд студийн түвшний дөрвөн микрофоноороо Spatial Audio (орон зайтай дуу авиа) бичих боломжтой болсныг AirPods, Vision Pro зэрэг ийм технологийг дэмждэг төхөөрөмжүүдээр тоглуулах боломжтой болжээ.

 

Процессор

зураг
 

iPhone 16 загварын бүх дөрвөн хувилбар Apple-ийн хамгийн сүүлийн үеийн А18 процессортой болсон бол iPhone 16 Pro хувилбарууд илүү сайжруулсан А18 Pro процессороороо ялгарч байна.

Ингэснээр өмнөх 15 загвараас 30 хүртэл хувиар хурдан, 12 загвараас 50 хүртэл хувиар хурдан ажилладаг болжээ.

Мөн график процессор буюу GPU нь өмнөх загвараасаа 40 хувиар хурдан ажилладаг болсныг Apple баталж байна.

 

Apple Intelligence

зураг
 

Шинээр танилцуулж буй хиймэл оюуны Apple Intelligence технологи нь бүх iPhone 16 загвараас гадна iPhone 15 Pro хувилбаруудад нэвтэрчээ.

Уг технологийн зарим боломжуудаас дурдвал:

  • Гараар бичсэн богино тэмдэглэлийг бүтэн өгүүлбэр болгон мессэж, документ хэлбэрт хөрвүүлэх
  • Эможийг ямар хэлбэртэй харагдуулахаа бичиж илэрхийлэх
  • Бичсэн текстээс зураг үүсгэх Image Playground апп
  • Бичсэн текстийн агуулга дээр үндэслэн гэрэл зураг хайж, илэрсэн зургуудыг цомог болгон харуулах
  • Имэйл, уулзалтын тэмдэглэл зэргийг дүгнэж эмхэтгэх

Apple Intelligence нь бас Siri дуу хоолойгоор удирдагддаг туслагчийг улам сайжруулжээ.

Тухайлбал одоо Siri-тэй бичгээр харилцаж болдог болсон байна.

Siri нь бас таны хүсэлтээр дэлгэцээс харж буй зүйлд зохих үйлдлийг автоматаар үзүүлдэг болжээ.

Тухайлбал хэн нэгэн танд дууны нэр мессэжээр илгээвэл Siri-гээс тоглуулахыг хүсэхэд ямар ч илүү үйлдэл хийлгүйгээр тоглуулж эхлэх юм.

Бас харж буй зургаа хэн нэгэн рүү илгээхийг хүсэхэд Siri биелүүлдэг болсон байна.

Apple Intelligence технологи нь аравдугаар сард зах зээлд гарах үйлдлийн системийн iOS 18.1 хувилбарт багтсан байх юм.

 

Дэлгэц

зураг
 

2020 онд гарсан iPhone 12 загвараас хойш Apple анх удаа дэлгэцийн хэмжээгээ өөрчилжээ.

Гэхдээ зөвхөн iPhone 16 Pro хувилбаруудын дэлгэц томорсон байна. Тухайлбал iPhone 16 Pro өмнөх 15 загварын ижил хувилбарын 6.1 инчээс 6.3 инч болж томорсон бол iPhone 16 Pro Max нь 6.7 инчээс 6.9 инч болж томорчээ.

Мөн шинэ загварынхаа дэлгэцийн шилийг Apple “өнөөдөр зах зээлд байгаа ямар ч гар утасныхаас хоёр дахин бат бэх” гэж онцолсон байна.

 

Дизайн

зураг
 

iPhone 16 хувилбарууд хөнгөн цагаан, iPhone 16 Pro хувилбарууд титан хүрээтэй үйлдвэрлэгдсэн байна.

16 хувилбарууд шинэ Ultramarine (нэг төрлийн хөх) болон Teal (цайвар), Pink (ягаан), White (цагаан), Black (хар) өнгөний сонголттой гарчээ.

16 Pro хувилбарууд нь Black, White, Natural, Desert Titanium гэсэн дөрвөн өнгөтэй үйлдвэрлэгдсэн байна. Natural нь титаны байгалийн өнгө бол бусад нь хар, цагаан, болон элсний өнгө оруулсан титан материал юм.

 

Шинэ товч

зураг
 

iPhone 16 загварын бүх хувилбарууд Camera Control нэртэй шинэ физик товчтой болжээ.

Уг товчийг нэг дарахад Камер идэвхжиж, хоёр дахиа дарахад зураг авах юм. Бас хоёр дахь удаагаа удаан дарвал дүрс бичлэг хийж эхлэх юм байна. Үүнээс гадна олон янзын үүрэг функцийг давхар агуулах болжээ.

Жишээлбэл камер нээлттэй байх үед нэг удаа хөнгөн товшиход zoom удирдлага идэвхжих гэх мэт.

iPhone 16 загвараас эхлэн дуу нээж хаадаг “silent” товчийг Action товчоор орлуулсан байна.

Action товчийг хөгжүүлэгчид өөр өөрийн аппликэйшнд зориулан программчилдаг болжээ. Тухайлбал FordPass аппликэйшнээр Ford үйлдвэрийн автомашины хаалганы цоожийг нээх гэх мэт.

 

Эх сурвалж: Business Insider