Өчигдөр буюу Бямба гарагт нийслэл Каракас хот дахь Аргентины элчин сайдын яамны байрыг Венесуэлийн аюулаас хамгаалах хүчнийхэн бүсэлжээ.
Тус яамны байранд ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэмийг эсэргүүцэгч сөрөг хүчний зургаан улс төрч толгой хоргодож байгаа юм байна.
Энэ зуны ерөнхийлөгчийн сонгууль шударга бус болсонтой холбоотой маргааны улмаас Аргентин, Венесуэл улсууд дипломат харилцаагаа тасалсан юм.
Мадуро өнгөрсөн сонгуульд ялалт байгуулснаа зарлаж, гурав дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлсэн ч Латин Америкийн олон улс хүлээн зөвшөөрөөгүй юм.
Одоогоор Мадурогийн ялалтыг Орос, Хятад, Куба, Боливи зэрэг цөөн улс орнууд хүлээн зөвшөөрөөд байна.
Аргентины гадаад хэргийн яам саяхан ерөнхийлөгч Мадуро болон түүний тойрон хүрээлэгчдийг баривчлах захирамжийг Олон Улсын Эрүүгийн Шүүхээр гаргуулах гэж байгаагаа мэдэгдсэн юм.
Энэ мэдэгдлийн дараа Венесуэлийн эрх баригчид Каракас дахь элчин сайдын яамыг нь бүсэлжээ.
Аргентины элчингийн байранд толгой хоргодож буй Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадогийн зөвлөхийн мэдээлснээр одоо эрх баригчид байрны ойр орчмын замуудыг хааж, цахилгаан эрчим хүчний хангамжийг нь тасалжээ.
Элчин сайдын яамны байр Баасан гарагийн оройгоос эхлээд цахилгаангүй болсныг сөрөг хүчний эх сурвалж мэдээлсэн байна.
Мадуро болон түүний орлогчийн амийг хөнөөх болон өөр ямар нэг террорист үйл ажиллагаа төлөвлөгдөж байгаа нь баримтаар нотлогдвол элчин сайдын яамны байранд хүчээр нэвтрэхээ Венесуэлийн засгийн газар анхааруулжээ.
Аргентины гадаад хэргийн яам хариуд нь “Манай албан ёсны байранд орогнож буй хүмүүсийг хулгайлах гэсэн аливаа оролдлогыг олон улсын хамтын нийгэмлэг хатуу зэмлэн буруушаах болно. Ийм үйлдэл нь Мадурогийн Венесуэлд хүний суурь эрх зөрчигддөгийг харуулж байна” гэж мэдэгдсэн юм.
Өмнөд Америкийн Чили, Парагвай, Уругвай улсуудын эрх баригчид бас Мадурогийн үйлдлийг буруушаасан мэдэгдэл гаргажээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!