ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин айлчлалынхаа үеэр гарын үсэг зурах Дулааны III ЦС-ын зураг төсөл гүйцэтгэх хэлэлцээр

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 9 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийхээс өмнө Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай холбоотой хэлэлцээрийг Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаар хэлэлцсэн байна. Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын "Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг, төсөл боловсруулах тухай" хэлэлцээрийн төслийг наймдугаар сарын 27-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлжээ.

Төслийн нийт төсөвт өртөг ОХУ-ын "Интер РАО Экспорт" компанийн 2022 онд боловсруулсан техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ээр нийт 1,326.9 сая евро (НӨАТ-тай дүн 1,486.9 сая евро) болж, санхүүжилтийн 15 хувийг буюу 199 сая еврог Монголын талаас, 85 хувийг буюу 1 тэрбум 127.9 сая еврог ОХУ-ын экспортын зээлээр санхүүжүүлэхээр тусгасан байна.

Энэхүү хэлэлцээрийн төсөл нь нийт 11 зүйлтэй бөгөөд тус хэлэлцээрт Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын (1х50 МВт) блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын (4×12 МВт) блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын (2×125 МВт) блок станц шинээр барих төслийн зураг төсөл боловсруулах, инженерийн судалгаа, шинжилгээ явуулах ажлын цар хүрээ, ерөнхий нөхцөлийг тодорхойлж, захиалагчаар "ДЦС-3" ТӨХК, гүйцэтгэгчээр ОХУ-ын талаас санал болгосон "Интер РАО Экспорт" компанийг томилох асуудлыг тус тус зохицуулахаар тусгажээ.

Эрчим хүчний яам болон "ДЦС-3" ТӨХК-аас уг төслийн ТЭЗҮ-г судалж, эрчим хүчний салбарт хэрэгжиж буй бусад дулааны цахилгаан станцын төслүүдийн жишиг үнийн тооцооллыг ашиглан Монголын тал өөрийн хөрөнгөөр тус төслийг санхүүжүүлж хэрэгжүүлсэн тохиолдолд 814.3 сая ам.доллароор (НӨАТ-тай дун 915.1 сая ам.доллар) хэрэгжүүлэх, төслийн барилга угсралтын ажлын хугацааг нэгээс хоёр жилээр богиносгох боломжтой гэж үзсэн бөгөөд ОХУ-ын "Интер РАО Экспорт" компанитай удаа дараа уулзалт хийж, төслийн нийт төсөвт өртгийг бууруулах саналыг танилцуулсан аж.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2023 оны арванхоёрдугаар сард Москва хотод ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд бөгөөд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловтой уулзалт хийх үеэр Дулааны гуравдугаар цахилгаан станцыг нийт 300 МВт (50+250 МВт)-аар үe шаттай өргөтгөн, шинэчлэх төслийн талаар санал солилцон, төслийн хэрэгжилтийг хангах замын зураглалыг шинэчлэн байгуулжээ.

зураг
 

Төслийн шинэчилсэн замын зураглалын дагуу тус төслийн нийт төсөвт өртөг болон барилга угсралтын ажлын хугацааг бодитоор тодорхойлохын тулд эхний ээлжид төслийн зураг төсөл боловсруулах ажлыг Монголын тал өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх, тухайн санхүүжилтийг хоёрдугаар ээлжид барилга угсралтын ажлын нийт төсөвт Монголын талын гаргасан санхүүжилтэд оруулан тооцохоор тохиролцсон байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав,

УИХ-ын гишүүн Б. Жаргалан: Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх нь зөв. Зөвхөн ОХУ-тай гэрээ хийсэн үү. Бусад орны оролцоо байгаа юу. Мөн үнэ харьцангуй өндөр байна. Рублийн зээл гэж дурдсан ч хөрөнгө оруулалт нь еврогоор илэрхийлэгдэж байна. Ер нь өнөөгийн нөхцөлд рублийн зээл авах нь зөв үү?

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Би 2022 оны наймдугаар сард Эрчим хүчний сайдаар томилогдсон. Энэ төсөл нь миний өмнөх сайд нарын эхлүүлээд явж байсан төсөл. ТЭЗҮ-ээ ОХУ-ын талаас  1.3 тэрбум еврогоор энэ төслийг гүйцэтгэх санал ирүүлсэн. Бид сүүлийн хоёр жилийн хугацаанд үнээ буулгах саналыг хэд хэдэн удаа тавьсан.

ОХУ-аас нарийвчилсан зураг төсөл, судалгаагүй учраас үнийг нарийвчлан тохирох боломжгүй байна. Та нар мөнгөө гаргаад зургаа хий, зураг хийсэн тохиолдолд үнэ тохирч болно гэсэн байр суурьтай байгаа.

Есдүгээр сарын 3-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлах үеэр энэ гэрээнд гарын үсэг зурахаар тохиролцсон. Гэхдээ энэ зөвхөн зураг төсөл боловсруулах гэрээ. Ерөнхий барилгын ажил биш. Зураг төслийн гэрээг намрын чуулганаар соёрхон батлуулахаар оруулж ирнэ.

2026 оны хоёрдугаар улирлын хавьд ерөнхий гэрээ байгуулах асуудал яригдана.

Яагаад заавал оростой хамтарч байна вэ гэвэл, бодит байдал дээр нүүрсний төсөл санхүүжүүлэх барууны орон нэг ч байхгүй. Дээр нь БНХАУ 2021 оны НҮБ-д хятадын газар нутгаас гадна нүүрсний цахилгаан станцын төсөл санхүүжүүлэхгүй гэдэг амлалт өгсөн.

Манай тал рублиэр зээл авах хэлэлцээр явж байгаа. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн хэлэлцээр дэх онцлох заалтууд

Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийг хэрэгжүүлэх болон зураг төсөл боловсруулах хүрээнд ОХУ-ын эрх олгогдсон байгууллага, түүний Монгол Улсын нутаг дэвсгэр дэх төлөөлөгчийн газар (салбар) болон (эсвэл) охин компани, туслан гүйцэтгэгч, тэдгээрийн гэрээт гүйцэтгэгч нарын ажилчдад Монгол Улсын нутаг дэвсгэрт саадгүй нэвтрэх, гарах, оршин суух, ажиллахад шаардлагатай бух саадгүй нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийг хэрэгжүүлэх болон зураг төсөл боловсруулахтай холбоотой бух баримт бичгийг (гэрээ, зураг төсөл-шинжилгээ, судалгааны баримт бичиг) бэлтгэхэд орос, монгол болон англи хэлийг ашиглах ба орос хэлийг давуу хэл болгон баталгаажуулна.
Монголын талын гүйцэтгэсэн барилгын талбайн инженерийн анхан шатны судалгааны ур дунд ханган нийлүүлэлтийн үзүүлэлт, ажлын цар хүрээг тодорхойлох зорилгоор ОХУ-ын хууль, тогтоомжийн дагуу ОХУ-ын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн баталгаат тоног төхөөрөмж дээр суурилсан Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах;
Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсад төлөөлөгчийн газар (салбар) болон (эсвэл) охин компаниа нээхэд гүйцэтгэгчид дэмжлэг үзүүлэх;
Монголын тал гүйцэтгэгч, түүний туслан гүйцэтгэгчийг Монгол нутаг дэвсгэрт дээрх гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвар, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс тус тус чөлөөлнө. 

Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын "Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг, төсөл боловсруулах тухай" хэлэлцээрийн төсөл /бүрэн эхээрээ/

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
107
Зураг
ТЭНЭГЛЭЛ
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа